Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кшиштоф Бойко, Бээжин дэх Польшийн Соёлын төв хамтран "Дэлхийн II дайны үеийн Польшийн ард түмний тэмцэл ба тэдний хатан зориг" сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг Монголын Үндэстний музейд 2019 оны 9 дүгээр сарын 24-нд нээлээ.
Дэлхийн II дайны 80 жилийн ой 2019 онд тохиож байна. Энэ дайны хор уршгийг одоо хүртэл польшийн ард түмэн мэдэрсээр байгааг хэлэх хэрэгтэй. Тэд өвөг дээдсийнхээ амссан энэ эмгэнэлт түүхийг хэзээ ч мартах ёсгүй бөгөөд тийм учраас энэ ойг тохиолдуулан Польшийн Гданьск хот дахь Дэлхийн II дайны музей уг үзэсгэлэнг бэлтгэн ирүүлснийг дэлхийн олон нийт, түүний дотор монголын ард түмэнд танилцуулж байна.
Гэрэл зургийн үзэсгэлэнг Монголын Үндэстний музейд 2019 оны 9 дүгээр сарын 24-нөөс 10 дугаар сарын 6-ны өдрүүдэд үзүүлэх болно.