2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Лондон хотын төвд орших Asia House байгууллага Монгол оронтой холбоотой гурван арга хэмжээг Их Британи дахь Монгол улсын Элчин сайдын яамтай хамтран зохион байгууллаа.
Юуны өмнө өглөө нь Улаанбаатар хотын захирагч Э. Бат-Үүл тус байгууллагын гишүүн бизнесийн төлөөлөлтэй уулзаж мэдээлэл хийлээ.
Орой нь, Монгол Улсаас Их Британид суугаа Элчин сайд Н. Тулга Asia House-т зохиогдож буй Монголын соёл, урлагын өдөрлөгийг нээж үг хэлэв. Улаанбаатар хотын захирагч Э. Бат-Үүл мөн зочдод хандаж үг хэлсний дараа Лондон хотын уран бүтээлчдийн “Нүүдэлчдийн аялгуу” хамтлагийнхан “Тал нутаг айсуй” үзэсгэлэнгийн нээлтэд хүрэлцэн ирсэн зочдод ая дууныхаа дээжээс өргөлөө.
Эцэст нь “Тал нутаг айсуй” үзэсгэлэн энэ үдэш зочиддоо үүд хаалгаа албан ёсоор нээв. Уг үзэсгэлэн 10 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Бүтээлүүдийг Монголын урлаг соёл Лондонд байгууллагаас дэлгэн үзүүлж байгаа бөгөөд Ж. Өнөрмаа куратор хийнэ. Арга хэмжээний гэрэл зургийг Азаа Студи бэлтгэж байна.