(Польшид ардчилсан төр сэргэсний 25 жилийн ойн
хэлэлцүүлэгт хэлсэн үг)
1989 онд Польшид коммунист орнуудаас хамгийн анхны ардчилсан сонгууль болж ард түмний хүсэл эрмэлзлэл, нийгмийн чөлөөт зөвшил, сайн дурын үндсэн дээр ардчилсан төр байгуулагдсан юм. Энэ явдал Берлиний хана нурахаас өмнө болсон. Өнөөдөр энэ түүхэн үйл явдлын 25 жилийн ой тохиож байна. Бидний монголчууд ийм ойгоо хойтон 2015 онд тэмдэглэнэ. Юу гэвэл Польшоос жилийн дараа 1990 оны зун Монголд анхны чөлөөт сонгууль болж, үүний үр дүнгээр 1990 оны 9-р сард анхны байнгын ажиллагаатай парламент буй болон өөрийн ардчилсан Засгийн газраа байгуулсан билээ. Үүнээс хойш 25 жилийн турш монголчууд өөрийн төрийг гадны хэнээс ч асуулгүйгээр, өөрснөө ямар ч албадлагагүйгээр чөлөөтэй сонгон байгуулсаар ирлээ. Энэ хооронд долоон парламент, 12 Засгийн газар, дөрвөн ерөнхийлөгчийг шинээр буй болгосон байна. Сонгуулийн дараа буй болсон төрийн инстүүцүүд болон төлөөлж буй хүмүүс нь олон хүнд таалагддаггүй, гэвч энэ бол хаана ч байдаг үзэгдэл, алдсан ч бай оносон ч бай асуудлыг тухай бүрдээ олонхийн саналаар ардчилсан журмаар шийдэж байсан юм.