Их Монгол Улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын Хувьсгалын 93 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсаас БНПУ-д суугаа ЭСЯ, Польш дахь Монголчуудын Холбоо, Монгол оюутнуудын холбоотой хамтран Монгол наадам-2014 арга хэмжээг 2014 оны зургадугаар сарын 07-ны өдөр Варшав хотын Повшин соёлын цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулжээ.
Наадмын үеэр үндэсний бөх барилдаж, шагай харваж, бага насны хүүхдүүдийн дунд уралдаан зохион байгуулсан байна. Наадмын хүчит бөхийн барилдаанд 32 бөх барилдсанаас залуу бөх Б.Тэмүүлэн түрүүлж, Б.Очирдогсом үзүүрлэв.
Наадмын үеэр монгол хээ угалз бүхий асар майхан барьж, монгол цагаан идээ, хоол, цайны дээжээс амтлуулж, монгол ахуй амьдрал, эрийн гурван наадам, дээл хувцас, зан заншлынхаа талаар сурталчлан таниулсан нь польш хүмүүсийн сонирхлыг татсан байна.
Монгол орноо Польшийн ард түмэнд танилцуулах, соёл, урлагаа сурталчлах үүднээс ардын урлагийн Дүнжингарав хамтлаг, мөн Польш Улсад суралцаж байгаа авьяаслаг оюутан залуус үндэснийхээ дуу хуур, бүжгийн дээжээс толилууллаа.
Мөн Варшавын их сургуулийн монгол хэлний ангийн оюутнууд монгол дуу дуулж сонирхуулжээ. Наадмыг Варшав хотын 300 гаруй оршин суугч сонирхож, Монголын соёл урлаг, ёс заншилтай танилцсаны зэрэгцээ ардын дуу, морин хуур, хөөмий, монгол бүжиг, ардын хөгжмийн тоглолтуудыг талархан хүлээж авсан байна.
2 komentarze:
Арай олон зураг тавьж болоогүй юм уу?
Илүү олон зураг нийтлээрэй
Prześlij komentarz