Нийслэлийн Баянзүрх дүүрэг, Польш улсын Плоцк хотын хамтын ажиллагааны хүрээнд уламжлал болгон зохион байгуулдаг ерөнхий боловсролын сургуулийн баг тамирчдын Лигийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр болж, өндөрлөжээ.
Хоёр дахь жилдээ амжилттай болсон тус тэмцээнд Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 21 сургуулийн 42 багийн 500 гаруй өсвөрийн тамирчид оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорьж уралдсан байна.
Хоёр сарын турш зохион байгуулагдаж 254 тоглолт явагдсан тус тэмцээний ялагчаар Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 84 дүгээр сургуулийн эрэгтэй баг, 48 дугаар сургуулийн эмэгтэй багийн тамирчид шалгарч, Польш улсын Плоцк хотод зочлох эрхийн бичгээр шагнуулжээ.
Харин мөнгөн медалийг ерөнхий боловсролын 48 дугаар сургуулийн эрэгтэй баг, 87 дугаар сургуулийн эмэгтэй баг, хүрэл медалийг ерөнхий боловсролын 33 дугаар сургуулийн эрэгтэй, эмэгтэй баг хүртлээ. 2015 оны Баянзүрх дүүргийн Лигийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээний шилдэг эрэгтэй тамирчнаар ерөнхий боловсролын 33 дугаар сургуулийн сурагч н.Бум-Эрдэнэ, шилдэг эмэгтэй тамирчнаар ерөнхий боловсролын 87 дугаар сургуулийн сурагч н.Бүрнээ шалгарсан байна.
Дашрамд дурдахад, өнгөрсөн жилийн Лигийн аварга багаар шалгарч, Польш улсын Плоцк хотод зочлох эрхийн бичгээр ерөнхий боловсролын 33 дугаар сургуулийн эрэгтэй баг, 87 дугаар сургуулийн эмэгтэй баг шагнуулж байсан. 2014 оны Лигийн аварга тамирчид Польш улсын Плоцк хотод долоон хоног зочилж, тус хотын тамирчидтай нөхөрсөг тоглолт зохион байгуулан түрүүлж байсан юм.
Brak komentarzy:
Prześlij komentarz