Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Михал Лабендатай хоёр улсын хоорондын харилцааны талаар ярилцлаа.
-Та Польш улсыг төлөөлөх Элчин сайдаар томилогдоод удаагүй байгаа ч Монгол орны талаар ямар бодол, сэтгэгдэлтэй байдаг вэ?
-Би оюутан байхдаа 1995 онд Монголд анх жуулчнаар ирж байсан. Тэр цагаас хойш 20 жилийн дараа Польш улсаа төлөөлөн Элчин сайдаар томилогдон ирлээ. Монгол Улс энэ хугацаанд маш урт зам туулж, гайхмаар өөрчлөгджээ. Монгол Улс газар зүйн байршил болон геополитикийн хувьд онцлог орон бөгөөд энэ ч үүднээс түүхийн асар богино хугацаанд их зүйл амжуулж, хийхийг зорьсны нэг нь импортыг нэмэгдүүлэх үүднээс тээврийн салбартаа ихээхэн хөрөнгө зарцуулсан явдал юм. Мөн ардчиллын замаар тууштай явж, өрнөдийн стандартыг нэвтрүүлэхийн төлөө хошуучилж буй нь зохих хүндэтгэл хүлээж байна. Миний хувьд монгол хэл мэдэхгүй учраас хүмүүстэй харилцахад бэрхшээл учирч байна. Хэлийг нь сурах шаардлага гарч буй томилогдон ажиллаж байгаа анхны улс нь Монгол боллоо. Монгол хэлийг сурахад англи хэлтэн орнуудын оюутнуудад хүнд гэгддэг боловч славян хэлтнүүдэд ч адил бололтой. Ажлаа орос, англи хэлээр явуулах бүрэн боломжтой учир миний өдөр тутмын ажилд төдийлөн бэрхшээл тулгарахгүй байгаа. Гэхдээ суугаа орныхоо хэлийг мэдэж байх нь ажилд тустай байдаг юм. Сурах хүслийг минь өдөөж буй дахин давтагдашгүй эртний тэр гоё монгол бичгийг сурах сайхан боломж олдох байх гэж найдаж байна.Монголд бүх шатны албаны хүнтэй ажил төрлийн холбоо тогтоох хялбар байгаа нь ажилд их тустай бөгөөд ийм боломж улс бүрт тохиолдоод байдаггүй. Соёлын салбарт олон арга хэмжээ зохиож, энэ чиглэлийн уран бүтээлчидтэй Улаанбаатарт ирэх бүртээ танилцах боломж олдож байгаад маш их баяртай байна.