czwartek, 14 stycznia 2016

Михал Лабенда: Хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлэх нь миний зорилт

Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Михал Лабендатай хоёр улсын хоорондын харилцааны талаар ярилцлаа.
 -Та Польш улсыг төлөөлөх Элчин сайдаар томилогдоод удаагүй байгаа ч Монгол орны талаар ямар бодол, сэтгэгдэлтэй байдаг вэ?
 -Би оюутан байхдаа 1995 онд Монголд анх жуулчнаар ирж байсан. Тэр цагаас хойш  20 жилийн дараа Польш улсаа төлөөлөн Элчин сайдаар томилогдон ирлээ. Монгол Улс энэ хугацаанд маш урт зам туулж, гайхмаар өөрчлөгджээ.  Монгол Улс газар зүйн байршил болон геополитикийн хувьд онцлог орон бөгөөд энэ ч үүднээс түүхийн асар богино хугацаанд их зүйл амжуулж, хийхийг зорьсны нэг нь импортыг нэмэгдүүлэх үүднээс  тээврийн салбартаа ихээхэн хөрөнгө зарцуулсан явдал юм. Мөн ардчиллын замаар тууштай явж, өрнөдийн стандартыг нэвтрүүлэхийн төлөө хошуучилж буй нь зохих хүндэтгэл хүлээж байна. Миний хувьд монгол хэл мэдэхгүй учраас хүмүүстэй харилцахад бэрхшээл учирч байна. Хэлийг нь сурах шаардлага гарч  буй томилогдон ажиллаж байгаа анхны улс нь Монгол боллоо. Монгол хэлийг сурахад  англи хэлтэн орнуудын оюутнуудад хүнд гэгддэг боловч славян хэлтнүүдэд ч адил бололтой. Ажлаа орос, англи хэлээр явуулах бүрэн боломжтой учир миний өдөр тутмын ажилд төдийлөн бэрхшээл тулгарахгүй байгаа. Гэхдээ суугаа орныхоо хэлийг мэдэж байх нь ажилд тустай байдаг юм. Сурах хүслийг минь өдөөж буй дахин давтагдашгүй эртний тэр   гоё монгол бичгийг сурах сайхан боломж олдох байх гэж найдаж байна.Монголд бүх шатны албаны хүнтэй ажил төрлийн холбоо тогтоох хялбар байгаа нь ажилд их тустай бөгөөд ийм боломж улс бүрт тохиолдоод байдаггүй. Соёлын салбарт олон арга хэмжээ зохиож,  энэ чиглэлийн уран бүтээлчидтэй Улаанбаатарт ирэх бүртээ танилцах боломж олдож байгаад маш их баяртай байна.

 -Та өнгөрсөн оны долдугаар сард манай Аж үйлдвэрийн сайдтай уулзсан. Хоёр тал аж үйлдвэрийн салбарт түлхүү хамтран ажиллах талаар санал солилцсон тэр үед Монголын бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллах хүсэлтэй польш иргэд, аж ахуйн нэгжийн талаар судалж, танилцуулна гэж байсан. Ер нь танай талаас манайтай ямар салбарт хамтран ажиллах илүү боломжтой гэж харж байна вэ?
 -Польш, Монголын хооронд эдийн засгийн хамтын ажиллагааг хүнсний бүтээгдэхүүн, цахилгаан үүсгэгч агрегат үйлдвэрлэлт болон уул уурхайн салбарт явуулахад анхаарлаа чиглүүлж, эдгээрийн аль ч салбарт хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх боломжтой гэж үзэж байна. Ялангуяа Польш, Монгол хоёр орон сэргээгдэх эрчим хүч, нүүрс ашиглах цэвэр технологи боловсруулах болон бусад салбарт хамтрах өргөн боломжтой юм.  Польш үйлдвэрийн болон хөдөө аж ахуйн зориулалтын машин тоног төхөөрөмж, автобус, тролейбус үйлдвэрлэдэг өндөр түвшний технологитой. Хөдөө аж ахуйн салбарт ялангуяа хүнсний ногоо, жимс, сүү, мах боловсруулалт эрчимтэй хөгжсөн. Монголын тал ноолуур болон мах нийлүүлж,  Польштой хийх худалдааны алдагдлаа нөхөх өргөн боломжтой юм.
 -Монгол, Польш улсын хооронд дипломат харилцаа тогтоогоод 65 жил болжээ. Өнгөрсөн хугацаанд хоёр тал  геологийн салбарт хамтарч байсан түүх бий. Мөн палеонтологийн хамтарсан экспедиц ажиллуулж байсан. Соёл урлагийн салбараар бол илүү нягт холбогдсон гэж болно. Монголчууд Польшийн агуу хөгжмийн зохиолч Ф.Шопенийг андахгүй, түүний гайхамшигт хөгжимд дуртай. Хоёр улсын хооронд соёл, шинжлэх ухаан, техникийн талаар хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 1958 онд байгуулсан. 1960-аад оноос хойш Польшийн их, дээд сургуулиудыг 200 гаруй монгол оюутан төгссөн гэсэн судалгаа бий. Оюутан сургах тал дээр илүү боломж бий юү?
 -Соёлын салбарын харилцаа болон залуучуудыг харилцан солилцож байгаа нь Польш, Монголын хамтын ажиллагааны хамгийн эрчимтэй хөгжиж буй салбарын нэг юм. Энэ бол бидний хүчин чадлын илэрхийлэл гэдгийг хэлэх нь зүйтэй. Профессор Владыслав Котвич нарын Польшийн эрдэмтэд монгол судлалыг шинжлэх ухааны түвшинд хүргэн хөгжүүлэхэд үнэлж баршгүй их хувь нэмэр оруулсныг тэмдэглэх хэрэгтэй. Түүний энэ ажлыг одоо хүртэл Польшид нэр хүндтэй үргэлжлүүлэн хөгжүүлж, монгол хэлний анги ажиллаж байгаа. Саяхан энэ ангийг төгсөгч  нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг хүртсэн. Хоёр орны хооронд 1960, 1970-аад онд профессор Зофиа Келан-Яворовскагийн удирдлага дор явуулж байсан палеонтологийн хамтарсан  судалгааг сэргээхээр төлөвлөж байна. Польш, Монголын палеонтологийн удаа дараагийн хамтарсан судалгаагаар олж илрүүлсэн  эртний хөхтөн амьтад болон үлэг гүрвэлийн шинэ төрлийг одоог хүртэл  Варшав болон Улаанбаатарт судалсаар байна.(Саяхан бурхан болсон  профессор Зофиа Келан-Яворовска нь динозавр судлалын нэрт эрдэмтэн хүн байсан) Хөгжмийн тухайд гэвэл зөвхөн Шопений бүтээлээр мэргэшсэн  төгөлдөр хуурчид төдийгүй Польшийн бусад хөгжимчин Улаанбаатарт тоглох хүсэлтэй, тэднийг монголчууд дуртай сонсдог. Өндөр ур чадвартай хөгжимчид оролцдог, Монголд зохиодог Шопений нэрэмжит уралдаан өндөр үнэлгээтэй гэдгийг хэлэх хэрэгтэй. Дуурь, орчин үеийн хөгжим, театрын салбарт харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхийг хичээх болно. Польшийн кино урлагийн тухайд гэвэл жич ярих хэрэгтэй болов уу. Манай киног сонирхдог монгол үзэгчид, Польшийн кино урлаг судлаач монгол нөхдийн ачаар жил бүр польш киноны өдрүүд зохион байгуулж манай кино урлагийн шинэ бүтээлүүдтэй танилцах сайхан боломж гарч байна. Тухайлбал, 2015 онд Оскарын шагнал хүртсэн Павел Павликовскийн бүтээсэн  “Ида” киног Монголын олон нийтийн хүртээл болгосон.                                                                               
 Польшийн их, дээд сургуулийг төгссөн хүмүүсийн талаар хэлэхэд төгсөгчдийг 200 гэж  буй нь бууруулсан тоо гэж үзэж байна. Одоо Польшийн тал Монголоос жил бүр  25 гаруй хүнийг хүлээн авч их, дээд сургуульдаа сургаж байна.  Социализмын үед үүнээс олон хүн хүлээн авч, сургаж байсан.  Хүссэн хүсээгүй боловсролтой болох нь хэнд ч бараа сонгохтой адил зүйл боловч Польшийн их, дээд сургуулийн системийг Европот хамгийн сайн сургалттайд тооцон, харьцангуй хямд сурах боломжтой  гэдэг. Өөрийнхөө зардлаар Польшид суралцахаар яваа монгол оюутнуудын тоо нэмэгдэж буйд баяртай байна. Англи хэлээр сургалтаа явуулах сургуулийн тоо нэмэгдэх тутам гадаадад явж суралцах хандлага нэмэгдэнэ гэсэн үг юм. Цаашид суралцахаар явах оюутнуудын тоог нэмэх боломжтой. Одоо бид Польшид сургах мэргэжлийн тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Польшийг зорих оюутнууд урлаг болон техникийн чиглэлээр, гал түймэртэй тэмцэх зэрэг шинэ мэргэжлээр суралцах боломжтой юм. Польшийн Засгийн газар оюутнаа илгээж буй орнуудад суралцагчдын тоог заадаг байсан аргаасаа аажмаар татгалзаж,  харин тухайн оюутнаас суралцах мэргэжлээр нь нээлттэй сорил шалгалт авч элсүүлдэг журамд шилжиж байгаа. Дараачийн удаа Улаанбаатарт ирэхдээ эрдэм шинжилгээний залуу ажилтнууд, техникийн чиглэлээр суралцах оюутнууд, нийгмийн ухаан болон польш хэлний мэргэжлийнхэнд тэтгэлэгтэй суралцах хөтөлбөр танилцуулахаар төлөвлөж байна. Тэтгэлэгтэй суралцах, эсэх нь тэдний мэдлэг, чадвараас шалтгаална.
 -Польш улс Улаанбаатар дахь ЭСЯ-аа хаагаад багагүй хугацаа өнгөрчээ. Энэ утгаараа танай улсад зорчих виз авах асуудалд тодорхой хүндрэл гардаг. ЭСЯ-аа хэзээ эргэн нээхээр төлөвлөсөн бэ?
 -Польш улс Монголд суух өөрийн Элчин сайдаа томилсон бөгөөд түүний ялгагдах ганц зүйл нь өдөр тутмын ажлын байр нь Варшавт, харин Улаанбаатарт урт хугацаагаар олонтаа ирэх боломжтой болсон явдал юм. Энэ нь байдаг л нэг асуудал боловч тодорхой хугацааны  дараа Элчин сайдын яамны үйл ажиллагааг сэргээх хангалттай хүчин зүйл гарч ирж, түүнийг хэрэгжүүлэх үүргийг надад өгөх байх бодож байна. Миний бие цаашид худалдааны эргэлтийг аль болохоор нэмэгдүүлэхийн төлөө чармайж, хоёр талын харилцаанд байгаа улс төрийн сайн уур амьсгалыг хадгалан ажиллах болно. Визийн асуудлын тухайд гэвэл  Монголын иргэд Польш руу явах визийг Улаанбаатар  дахь Чехийн ЭСЯ-ны Консулын хэлтсээс авах боломжтой. Виз олголтын асуудал  ихээхэн хүч хөдөлмөр шаардсан ажил байдаг боловч Польшийн визийг төлөөлөн олгох болсонд Чехийн талд  бид талархалтай байдаг юм.
-Польш улсын иргэд манайд визгүй зорчдог. Бид Польш руу виз авч явдаг. Харилцан визгүй зорчих боломжийг судалж байгаа болов уу?-Харамсалтай нь, Польшийн иргэд Монгол руу визгүй зорчдог байсан боломжийг 2015 оны сүүлчээр зогсоосон. 2014 онд Монгол Улсын Засгийн газар дэлхийн 42 орны иргэдэд, түүний дотор Европын Холбооны орнуудын иргэдийг оролцуулан визгүй зорчих боломж олгож байсан бөгөөд 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс визтэй зорчих журамд шилжиж байгаа. Зөвхөн дипломат болон албан паспорттай иргэд л визгүй зорчих боломжтой байгаа. Визтэй зорчих болсон нь түр зуурын хязгаарлалт байх гэж найдаж байна. Визгүй зорчиж байх үед Монголд ирэх жуулчдын тоо мэдэгдэхүйц нэмэгдэж, бизнесийн хүрээнийхэнд таатай боломж олгож байсан.
-Монгол, Польшийн худалдааны анхны хэлэлцээр 1957 онд байгуулагдсан түүхтэй. Сүүлийн жилүүдэд худалдааны эргэлт өсөж, 100 сая ам.долларт хүрсэн гэсэн судалгаа байна. Монголд суугаа Польш улсын Элчин сайдын хувьд хоёр  орны нийгэм, эдийн засгийн хамтын ажиллагааг тэлэх ямар төлөвлөгөө байгаа вэ?-Хоёр орны худалдааны эргэлтийг 100 сая ам.долларт хүргэхийг ихэд хүсэж байгаа боловч 40 орчим сая еврогийн хэмжээнд л эргэлдэж байна. Миний үндсэн зорилт бол хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлэх явдал юм. Энэ зорилтоо биелүүлэхийн тулд Польш, Монголын бизнес эрхлэгчидтэй, аж ахуйн нөхөдтэй тогтмол уулзаж мэдээлэл солилцож байгаагийн зэрэгцээ хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар Засгийн газрын байгууллага болон аж ахуйн нэгжүүдтэй байнга холбоотой ажиллаж байна. Хоёр орны хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн холимог комиссын ээлжит хуралдааныг 2016 онд Варшав хотноо хийхээр төлөвлөж байна. Энэ нь хоёр орны хамтын ажиллагааг цаашид хэрхэн хөгжүүлэх асуудлаар харилцан ярилцах сайхан боломж олгох юм. Хуралдааны үеэр мөн бизнес форум хийж, бизнес эрхлэгчдийн хооронд ганцаарчилсан уулзалтууд зохион байгуулах бодолтой байна. Ингэж уулзах нь их үр дүнтэй байдаг.
-Монгол, Польш улс дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн  хүрээнд ямар арга хэмжээнүүд зохион байгуулсан бэ?-Өнгөрч буй 2015 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэсэн. Энэ ойг Польшид, Монголд тэмдэглэсэн. Улаанбаатар хотод   хүлээн авалт хийж, Польшийн сонгодог хөгжмийн концерт тоглож, киноны өдрүүдийг зохион байгуулсан.  Өндөр хэмжээнд болсон уулзалтуудын үеэр энэ ойг хэрхэн тэмдэглэсэн талаар ярьж цаашид хоёр орны уламжлалт найрсаг харилцааг тал бүрээр хөгжүүлэх шаардлагатайг тэмдэглэж байсан.

Brak komentarzy:

Польш

Etykiety

1975 1976 1977 3 maja Adiya Ganbaatar Ambasador Mongolii Ambassador archeologia Ardente Sole ASEM baabar Balet Dworski barsbold Boże Narodzenia concert deklaracja documents Dzień Flagi Dzień mongolski Dzień Niepodległości expo-2022 fb festiwal Film dokumentlny forum Frédéric Chopin Fundacja dla Zdrowia historia Katyń konferencja Kraków Krzysztof Zanussi Kultura Latvia Lech Wałęsa Legnica Legnickie Pole Łódź Michał Łabenda Ministry for Foreign Affairs music Narodowe Święto Niepodległości Ossendowski Polish Lessons Pomnik prasa Premier Beata Szydło Prezydent RP Sąd Arbitrażowy słownik Słuchacz studiów podyplomowych smolensk sport spotkanie sylwester Syndicate talk T.Otgonbayar Tajemnica twierdzy szyfrów the Independence day of Mongolia - 12.29 turyst tv UEFA Ulaanbaatar International Film Festival visa wideo Wielkanoc Województwo wielkopolskie Айлчлал ардын ур­ла­г Аялал Аялгуут солир Б.Ерэнтэй Б.Лхагважав Б.Магванжав баабар бага хурал баримт бичиг Бархасын ДОРЖ Бат хаан Бизнес Д.Баттөмөр Ерөнхий сайд Кино МонПол клуб Музей мэдээ Наадам намтар Ном О.Дарамбазар О.Эрдэнэцогт Оюутан Өдөрлөг П.Алтанцэцэг С.Хөдөлмөр Соёл Т.Отгонбаяр Түүх Урлаг Уулзалт үзэсгэлэн Хэвлэл Чухалхүү шагнал Шинжлэх ухаан Эдийн засаг