Мань хүн гадаад юмнаас гадна “монгол юм” мэднэ гэж жигтэйхэн, энд тэндхийн маарамба, хувилгаадын арга чаргаас эхлээд, ардын эмнэлгийн нууц жор сэлтээс байнга ишлэнэ. Зурамны дунд чөмөгний ясыг битүү шатаагаад, үнс нь ямар эмийн жоронд ордог ч гэнэв, жигтэй сонин юм ярина.
Оршил. Миний их сургууль-2
Анд нөхдийн нөлөөлөл бол амьдралын хамгийн том сургууль. Өдгөө 75 жилийнхээ ойг тэмдэглэж буй МУИС нададшинэ шинэ анд нөхөд бэлэглэсэн юм. Сайн муу янз бүрийн юмны зах зуханд хүргэсэн нөхдүүд байхад, юу ч заагаагүй мөртлөө нөлөөллөөрөө чиг замыг маань гэрэлтүүлсэн хүмүүс бий. Жаргал зовлон хуваалцах сайн нөхөд гэж байхад үзэл санааны гэрэлт бамбар болсон андууд миний замд олонтаа таарч, хөмөрсөн тогоо шиг төөрөгдсөн итгэл үнэмшил рүү маань гэрэл тусгаж явжээ. Тэдэнтэй учирсан ховор завшаанаа эргэн санах бүрий “Эрт урьдын сайн ерөөл” гэхчлэнгийн, яльгүй мухар сүсэг ханхлуулсан соньхон бодол төрдөг билээ. Хэдийгээр мухар харанхуйгаас тэд нар л намайг хөтлөн гаргалцаж ирсэн ч гэсэн тэднийхээ тухайд “яльгүй мухар сүсэг”-тэй яваадаа би өөрөө дуртай байдаг.