Польш дахь Монгол Улс, АНУ-ын элчин сайдын яам, Польш улсын Соёлын яам хамтран зохион байгуулсан ардын урлагийн олон улсын фестивалийн Гран при шагнал хүртсэн "Хөгсүү" чуулгын дарга Чингисийн Өнөртүвшинтэй ярилцлаа.
-"Хөгсүү" чуулгын уран бүтээлчид Польш улсад болсон олон улсын фестивалиас гран при шагнал хүртсэн гэсэн. Хаанаас зохион байгуулсан фестиваль вэ?
-Манай чуулга мартагдаж буй ардын урлаг, соёл, ёс заншил, ахуй гэх мэт
монголын язгуур бүхнийг сэргээх, залуу хойч үедээ өвлүүлэх, дэлхий
нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой анх байгуулагдаж
байсан. Чуулга маань монголоо гэсэн сэтгэлтэй хэдэн уран бүтээлчдийн
итгэл дээр тогтдог юм. Бид ашгийн төлөө явж байсангүй.
Сая бид
ОХУ-ын Москва, Халимаг, Казахстан улсуудад тоглолтоор явж байхад
биднийг Польш улсад болж буй фестивальд оролцооч ээ гэсэн урилга ирсэн.
Ямар учиртай наадам юм бол гээд судаллаа. Гэтэл дэлхийд өөрсдийгөө
язгуур урлагтай гэсэн улсуудын оролцдог наадам байсан.
-Фестивальд хичнээн орон оролцов?
-Индианчууд, африкийн улсуудаас эхлээд мартагдсан өв соёлтой улсууд
оролцдог юм билээ. 15 жилийн өмнө анх зохион байгуулагдахад нь гурван
улс орж байсан гэсэн. Энэ удаагийн наадамд 15 орон орсон. Ардын язгуур
урлагийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа болохоор БСШУЯ, Гадаад
харилцааны яамнаас манай чуулгыг санал болгосон байгаа юм. Зүгээр
Монголын урлагийн төлөөлөл гэсэн бол Үндэсний дуу бүжгийн эрдмийн
чуулга, Түмэн эх чуулгаас эхлээд ямар ч чуулга оролцож болох байсан.
Язгуур урлагийн наадам учраас манайхаас өөр Монголын язгуурын
урлагийг бүгдийг нь үзүүлж чаддаг бүрэн бүрэлдэхүүнтэй оролцох
чуулга байгаагүй болохоор манайд санал тавьсан. Монголын
мартагдсан бүх өв соёлыг эгнээндээ нэгтгэж чадсан болохоор манай
чуулга бусад бүх хамтлаг, чуулгаас давуу юм. ЮНЕСКО-гийн биет болон
биет бус соёлын өвд Монголоос ардын язгуур урлагийн найман өв соёл
багтсан байдаг. Наймуулаа зөвхөн манай чуулгад л бий. Чуулгын маань
хамгийн өндөр настай нь 84, хамгийн залуу нь гурван настай хүүхэд байдаг
гээд боддоо.
Ямартай ч 15 хүний бүрэлдэхүүнтэй Польш улсад
очоод гран при шагналыг нь аваад ирлээ. Биднийг эндээс явахад виз
гарахгүй, замын зардлын мөнгө ч олдохгүй байв. Долоодугаар сарын 19-ны
өглөө Польшид бэлэн байх ёстой байсан боловч урд өдөр нь замын зардлаа ч
олоогүй байлаа.
-Тэгээд хэрхэн явсан бэ?
-Бүх томоохон компаниуд руу холбогдож уулзсан боловч нааштай хариу
өгөөгүй. Яах вэ гэж байтал "Айр линк" компаниас "Ирсэн хойноо яаж ийж
байгаад мөнгөө өгөөрэй" гээд бидний билетийг өгсөн. Нэг ёсондоо зээлээр
явуулж байгаа юм. Өнөөгийн нийгэмд хүнд итгээд 100 төгрөг ч өгдөг
хүнгүй болсон энэ цагт 26 сая төгрөгийн билетийг бидэнд итгээд бичиж
өгөөд явуулахад нь үнэхээр их баярласан. "Айр линк"-ийнхэн эх орноо
сурталчлах ариун үйлсийг дэмжсэнээрээ Монголоо гэсэн сэтгэлтэй хамт олон
гэдгээ харуулж байгаа юм. 18-ны шөнө нь бид монголоос ниссэн. Маргааш
нь элчин сайдын яамныхан биднийг тосч авсан. Биднийг ирж амжихгүй гээд
тоглолтын хуваарь дээрээс "Хөгсүү" гэдэг нэрийг хасчихсан байсан шүү.
Манайхан очоод шууд тоглолтод оролцсон. Хүмүүс тоохгүй байх даа гэсэн
эмзэглэлтэй байлаа. Гэтэл эсрэгээрээ "Mongolia" гээд орилолдоод бөөн юм
болов оо. Манай ардын урлагийн хөгжмийн хэмнэлд тааруулаад тэд бүжиг
зохиогоод бүжиглэж байгаа юм. Тэр талбайд 30 мянга хол давсан үзэгчид
байсан.
Манай үндэсний хувцсыг хараад мэл гайхацгаасан.
Биднийг явуулахгүй хэрчихээд зургаа авахуулъя гээд дугаарлаад
зогсчихсон байсныг хараад гайхсан.
-Гран при шагнал хүртсэнээ хэрхэн мэдсэн бэ?
-Шагнал гардуулна гэж бодоогүй. Зүгээр ардын урлагаа сурталчилсан
тоглолт болох байх гэсэн бодолтой байлаа. Гурав хоног тоглолтод оролцоод
буцахаар билетээ бичүүлчихсэн байсан юм. Бид буцах боллоо гэхэд орой
шагнал гардуулна та нар хүлээчих гэсэн. Ямартай ч шагнал гардуулах арга
хэмжээнд нь оролцъё гээд хүлээлээ. Нэгдүгээр байрт Америкийн
Индианчууд гэхээр нь манайхан байхгүй юм байна гээд зогсож байтал
"Гран при Монголиа" гээд зарласан. Тухайн үед шагнал гардуулаад
дуусчихлаа гэсэн бодолтой байсан тул анзаараагүй. Тэнд байсан бүх
хүмүүс "Монголиа" гээд орилолдоод байсан болохоор манайхан шагнал
авчээ гэдгээ мэдэж бөөн баяр хөөр болсон доо.
Дараа нь бид
элчин сайдынхаа яаман дээр очиж тоглосон. Тэр үед элчин сайд А.Ганбаатар
"Энэ сайхан урлагийг шоун дээр биш төрийн ивээлд багтаж олон улсад
сурталчлуулмаар байна. Эхний ээлжинд би гадаад харилцааны яаманд санал
тавина" гэсэн.
-Язгуур урлаг гэхээр эрт баларын урлаг гээд хүмүүс төдий л анхаарахгүй байгаа мэт санагддаг?
-Яах аргагүй тэгээд байна. Ахмадууд хүртэл "Ээ чааваас үеэ
өнгөрөөчихлөө дөө" гэж байхад залуус тоохгүй байгаагаас ардын урлаг
маань уначихаад байгаа. Ардын урлагаа үнэлдэггүй хип хоп дуулдаг залууст
хандаж "Та нар хичнээн үглээд ч Африк Америкийн харуудын өмнө гарч
чадахгүй ээ" гэж хэлмээр санагддаг. Дэлхий дээрх бүх улсад хип хоп
байдаг. Монголын үндэсний урлаг биш болохоор бидний гайхамшиг биш
болчихож байгаа юм. Гавьяат жүжигчин Э.Амартүвшинг дэлхийн алдартай
дуурийн дуучин гэхэд хэн ч үгүйсгэхгүй. Үнэхээр гайхалтай дуулж байна.
Дуурийн дуучнаараа дэлхийд тэргүүлдэг. Гэхдээ мянга дуурь дууллаа
гэхэд энэ монголын өв соёл биш. Гадны урлагийг чадаж байгаа ч гэсэн
өөрийн урлагаараа бахархах ёстой. Монголын урлагаараа дэлхийд гайхуулж
чадвал тэр хүн гайхамшиг болох юм. Дуурийг монгол хүн дуулж чадаж байхад
монголын урлагийг дэлхий нийтээрээ чаддаггүй л байхгүй юу.
Хамгийн түрүүнд "Би монгол хүн" гэсэн үнэ цэнийг бий болгох хэрэгтэй. Бид эх орондоо үнэ цэнээ алдаад байна.
-Таныхаар яах ёстой гэж?
-Монгол хүний үнэлэмжийг өсгөхийн тулд төр, албан байгууллага, хувь
хүмүүс нь дор бүрнээ бие биенээ үнэлж байх ёстой. Өнөө цагт ихэнх
хүмүүс хар амиа бодож амьдарч байна. 1990 оны ардчилсан хувьсгалд
монголчууд зүрх сэтгэлээрээ эх орноо өөрчлөн шинэчилье гэсэн хүсэл
эрмэлзэл байсан болохоор нэгдэж чадсан. Одоо ямар ч мундаг хүн, хичнээн
том жагсаал зохион байгуулсан тэр хэмжээнд хүрч чадахгүй. Яагаад гэвэл
бүх хүн өөрийнхөө төлөө амьдардаг ухааныг олчихсон болохоор тэр.
Өнөөдөр өөрийнхөө талхыг олох гэсэн бодолтой байгаагаас бус эх орондоо
хийж бүтээе гэсэн хүсэлгүй болчихсон. Өнөөдөр л болж байвал болоо гэсэн
өдөр хоногийг аргацаасан дорой бодолтой болсонд байгаа юм.
-Та их бухимдалтай хүн шиг санагдлаа?
-Тийм биш. Сая Москвад гурван монгол хүн тааралдахаар нь "Сайн байна
уу?" гэсэн чинь муухай хараад дуугүй өнгөрөнгүүтээ "Энэ монгол хүн байна
ш дээ" гэж хоорондоо ярилцаад яваад өгч байгаа юм. Уг нь мэнд усаа
мэдэлцээд өнгөрч болно. Гэтэл тэгж чадахгүй байна. Магадгүй бид ядарч
явсан байж болно. Хэн нэгэн хүн хэрэгтэй байсан ч байж болох шүү дээ.
Тэр хүн яагаад цаашаа яваад өгөв. Монгол хүн үнэ цэнэгүй болохоор тэр.
Өнөөдөр монголд амьдрахаасаа илүү гадаадыг сонгож, төрөлх хэлээ
сурахаасаа өмнө гадаад хэл сурч байна. Бидэнд үнэ цэнэгүй мэт юмс бүхэн
гадныханд сонин зүйл мэт харагддаг.
Өдий төдий урлаг, өв
соёлоороо сайхан амьдарч болох байтал газрын хэвлийгээ хайр гамгүй ухаж
байгаад эмзэглэдэг. Газраа ухаж байхаар толгой доторхоо ухвал түүнээс
илүү баялаг бий дээ.
-Ардын урлаг заавал төрийн дэмжлэг авч байж хөгжих үү?
-Төрийн бодлого үнэндээ алга болчихсон. Математикийн олон улсын
олимпиадаас алтан медаль хүртсэн Э.Төрбат гээд хүү, мөн манай "Хөгсүү"
чуулга гэх мэт Монголын нэрийг гаргасан хүмүүсийн үнэлэх ёстой. Гэтэл
өөр хүмүүсийг урамшуулаад байна. Бидэнд ч гэсэн урам хэрэгтэй. Хүн
урмаар амьдардаг.
-Ямар хүмүүсийг үнэлчихээд та нарыг үнэлэхгүй байгаа юм бэ?
-Сонгодог урлагийнхныг үнэлж байна. Үндэсний биш урлагийг үнэлээд
байгаа юм. Төсөл бичсэн хүн таньдаг хүндээ төслөө бариад орохоор
дэмжигддэг.
Ардын урлагийн талаар дэмжээч гээд яам, харъяа
байгууллага дээр ороход л доод албан тушаалтнууд нь надад ямар хэрэгтэй
биш гэсэн шиг хүлээж авч байгаа юм. Монгол гэсэн сэтгэл дутагдаад
дээрээс нь манайд хууль үйлчлэхгүй болохоор ингээд байна.
-Танай чуулгын урилгаар Халимагууд ирчихээд байгаа гэсэн үү?
-Манай чуулгын урилгаар Халимагаас хүмүүс ирчихсэн байгаа. Монголын
сайхан оронтой танилцаж байгаа юм. Хамгийн түрүүн "Сайханы хөтөл" дээр
дагуулж гарахад "Энэ чинь юу вэ" гээд шууд уулга алдсан. Дараа нь
хөдөөний айлд дагуулж орлоо. Өнөө айл нь олон хүүхэдтэй замбараагүй
байсан тул би үнэндээ тэр айлд оруулахаас санаа зовж байсан. Гэтэл
эсрэгээрээ монголчууд ийм гэрт амьдардаг юм уу "Ямар гоё юм бэ" гэсэн.
Нэг хүн нь нэлээд даарчихсан байсан тул үстэй дээл өмсүүлчихсэн чинь
"Их дулаахан сайхан юм. Худалдаад авч болох уу" гээд авсан. Хоол, цай
идэхдээ мөнгийг нь өгөх үү гээд асууж билээ. Дэлхий дээр манай
монголчууд шиг үнэгүй цайлаад гаргадаг үндэстэн байхгүй.
Зочид
маань Сэлэнгэ мөрний усыг хараад "Энэ хаашаа урсаж байгаа вэ?" гэж
асуусан. Би байгаль далай руу цутгадаг юм гэхэд хилийнхээ наана нуур
байгуулах хэрэгтэй тэгээд илүү ус нь цаашаа урсаж байгаль далайгаа
сэлбэх нь монголд ашигтай гээд бидний усанд хүртэл санаа зовж байна.
Сэлбэ, Туул голоо хар. Машинаа угаагаад хог новшоор дүүргээд хаячихсан.
Ховд аймгийн Булган голын урсацаар Хятадууд хил гарангуут нь цаана нь 10
гаруй нуур хийчихсэн. Энэ мэтчилэн эмзэглэх зүйлс байгаад байна.
-Ардын язгуур урлагийн театр зайлшгүй хэрэгтэй биз?
-Нэн тэргүүнд тавигдах шаардлага энэ байна. Манай чуулга байгууллагууд
дээр очоод хүмүүст нь тоглолтоо хүргэдэг. Тэндээс хэдэн төгрөг аваад
уран бүтээлчдээ урамшуулах жишээтэй. Өөрийн байртай байсан бол зуны энэ
цагт жуулчид ирж үзнэ. Хэрэв тийм болчихвол төрөөс цалин гэхгүй.
Өөрсдийгөө цалинжуулаад явчихна. БСШУЯамаар ороход Төрийн бус
байгууллагыг төр дэмжихгүй гэнэ.
Хуулиндаа бол төрийн ажлыг
төрийн бус байгууллага гүйцэтгэж болно гэсэн байдаг. Ер нь Ардын язгуур
урлаг төрийн ивээлд байж бодлогоор хөгжүүлж хадгалан хамгаалж өвлүүлэх
хэрэгтэй л байна даа. Одоо байгаа Ардын дуу бүжгийн чуулга, Түмэн эх
чуулга гэх мэтийн байгууллагууд болохоор яг ардын язгуур өв соёл гэх юм
байхгүй, орчин үед оруулсан тайзны урлаг юм. Гадныханд Монгол улсын
нүүр царай болдог язгуур бүхнийг харуулж чаддаг театртай болох хэрэгтэй
байна.
-Анхны Монгол дээлийг та сэргээлгэсэн гэдэг үнэн үү?
-Анх би таван жилийн өмнө 13-дугаар зууны жинхэнэ Монгол дээлийг түүх
судлаач найзаараа судлуулаад хийлгэсэн хүн л дээ. Тэгээд дээлтэй Монгол
гээд наадамд оролцож түрүүлж байлаа. Монгол Улсын гавьяат жүжигчин
Д.Сосорбарам гуай шүүгч хийж байсан. Миний дээлийг ганцхан үнэлэмжээр
тэргүүн байрт шалгаруулсан. Жинхэнэ Монгол дээл гэдгээр нь. Дараа нь
Д.Сосорбарам гуай яг тэр загвараар дээл хийлгэж өмссөн. Бүүр сүүлд
дуучин Болд хийлгэж өмссөн байна лээ. Гэтэл Болдын дээл гээд л шуугилдах
юм. Дээл гэснээс би нэг хэсэг телевизийн ярилцлагууддаа нэг санал
хэлсэн юм. Юу гэхээр Африкийн улсуудын төрийн өндөрлөгүүд олон улсын
арга хэмжээнд оролцохдоо алтан костюм авч өмсөж чадах боловч өөрсдийн
үндэсний хувцсаа өмсөж алчуураар толгойгоо ороогоод л сууж байдаг. Тэд
англиар маш сайн ярьдаг боловч илтгэл тавихдаа болон ярилцахдаа заавал
өөрийн үндэсний хэлээрээ ярьдаг. Энэ нь би тусгаар тогтносон улсын
тэргүүн гэдгээ хэлээрээ хувцсаараа зарлан тунхаглаж байгаа төрийнх нь
бодлого. Гэтэл манайхан яаж байна. Нээх сайхан костюм өмсөөд л англиар
яриад л. Ингэж хэрэггүй ээ. Монгол улсын төрийн өндөрлөгүүд бол үндэсний
дээлээ өмсөөд Монгол хэлээрээ ярих хэрэгтэй гэж ярьсан. Гэтэл өнгөрсөн
жил Монгол улсын ерөнхийлөгч маань яг миний анхлан сэргээж гаргаж ирсэн
дээлтэй Монгол хэлээрээ НҮБ-ын индэр дээрээс илтгэл тавихад маш их
бахархаж байлаа. "Энэ бол миний монгол. Монгол гэж ийм улс байдаг юм"
гээд л ажил дээрээ орилж билээ.
Би хувьдаа Монгол Улсын
Ерөнхийлөгч ардын урлагийг дэмждэг хүн байна гэж ойлгосон.
Ерөнхийлөгчийг дэмждэг Засгийн газар гараад ирчихсэн болохоор итгэл
хүлээлгээд байгаа.
Ардын урлагийн фестиваль эх орондоо зохиох
хэрэгтэй. Тэгж байж дэлхийн анхаарлыг өөртөө бага ч гэсэн татах болно.
Монгол Улсыг гадаадад сурталчлах үндэсний зөвлөл гэж бий. Тэд цаашид
иймэрхүү фестиваль зохион байгуулахаас эхлээд юм хийх байлгүй дээ.
-Хүүхэд байхаас нь эхэлж ардын урлагийн талаар мэдлэгтэй болгохгүй бол болохгүй гэж санагддаг?
-Ёстой үнэн. Ерөнхий боловсролын сургуульд байхаас нь эхэлж заавал
хүүхдүүд дүн авахын тулд дургүй ч гэсэн сурч л таарна. "Ардын урлаг өв
соёл" гээд хичээл заагаад өгчихвөл их нэмэр болох юм.
-Монголчуудыг гадныхан хэр хүлээж авч байна вэ?
-Монголд очиж үзэх юмсан гэсэн хүмүүс олон тааралдаж байсан. Би хувьдаа
дэлхий дээр маш олон Монгол үндэстэн байгаа. Монголчууд нэгдвэл, олон
болбол хэнд ч дийлдэхгүй хүчтэй болно гэж боддог. Тийм болохоор
Монголчууд олуулаа болох хэрэгтэй. Хүүхдийн мөнгө өгч байсныг зөв гэж
бодож байна. Хүүхэд гаргасан ээжийг төр засаг маш сайн харж үзэх
хэрэгтэй. Өөрийгөө язгуурын Монгол гэж нотлоод Монгол Улсад амьдрах
хүсэлтэй гадны улс орнуудын хүмүүс байвал тэднийг ирж амьдрахыг урьж,
амьдрахад нь туслаж дэмжих хэрэгтэй. Ингэж байж л Монголчууд олуулаа
болно шүү дэ.
-Гадаадад байгаа монголчуудыг яаж урина гэж?
-Казакстан улс казах иргэдээ урьсны хүчинд Хятадын казахуудаас 2 сая
400 мянган иргэд Казастаны иргэн болсон. Монголын 300 000 орчим иргэн
Казакстаны иргэн болсон байна. Тэглээ гээд Казакстан улс муудсангүй
харин ч хөгжиж дэвжиж байна. Одоогийн Казакстаны Соёлын сайд нь 91 онд
Хятадаас очсон Казак иргэн байх жишээтэй. Хөдөөний хүмүүс хот руугаа
бөөгнөрөөд хөдөө хоосон байна. Эзгүй нутгийг захын гадны хүмүүс ухаад
цөлмөөд дууслаа. Тэр газрууддаа гаднаас ирж буй Монголчуудаа байршуулаад
амьдруулаад явахад болохгүй зүйл алгаа. Дэлхийгээр тархсан олон
Монголчууд яасан их баярлах болоо гэж боддог.
Brak komentarzy:
Prześlij komentarz