Бүгд
Найрамдах Польш улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч
Цахиагийн Элбэгдоржид БНПУ-ын Сенатын маршал Богдан Борусевич бараалхав.
Тэрээр
уулзалтын үеэр хэлсэн үгэндээ “Монгол Улс бол ардчилсан орон. Ардчиллыг
“сурсан” орон. Монгол Улсын эргэн тойронд өөр өөр тогтолцоотой орнууд
байхад харин Монгол өөрийн замаар замнаж яваа орон. Миний бие хоёр ч
удаа өвөл, зуны улиралд Монголд зочилж байсан. Польшуудын тухайд Монгол
яахын аргагүй сонирхол татсан, сэтгэлд ойр улс юм. Миний хүү ч бас танай
улсад зочилж, үнэхээр сэтгэл дүүрэн буцаж ирсэн.
Сүүлийн үед танай улсын хувьд шударга ёсыг тогтоох, хуулийн хэрэгжилтийг хангах талаарх үйл явц, ялангуяа авлигатай тэмцэж байгаа туршлагыг анхааралтай харж байна. Шударга ёсыг тогтоох үйл хэрэг амаргүй ч үр дүнд хүрч байгаа нь харагдаж байна. Монгол Улсад ардчилсан тогтолцоонд шилжихэд Монгол, Польшийн бизнес эрхлэгчид ч түлхүү оролцсон гэж боддог. Бүр манай нийслэлд, Соёлын төвийн маань дэргэдэх талбайд 1990-ээд онд ажиллаж байсан худалдааны талбайг монголчууд эзэлж, худалдаа наймаа эрхэлдэг байсныг санаж байна.
Монгол
Улс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын гишүүн
болсонд баяртай байна. Манай Улсын зүгээс Монгол Улсыг бүх талаар
дэмжих, харилцаагаа хөгжүүлэхэд бэлэн байна. Манай парламентад
Польш-Монголын бүлэг хамгийн олон гишүүдтэй төдийгүй тэд бүгдээрээ
Монголд очиж үзэхийг хүсч байгаа. Монголын ардчиллын жишээ дэлхийн бусад
улс орнуудад ч сайнаар нөлөөлнө гэж би боддог” гээд хоёр улсын
парламент хоорондын харилцааг хөгжүүлэх болон түүхэн харилцааны талаар
ярилцав.
Энэ
үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хэлсэн үгэндээ
“БНПУ-д хийж буй айлчлалын хүрээнд Польшийн ардчиллын төлөө хөдөлгөөний
нэрт удирдагчийн нэг, манай ард түмний дотны анд Сенатын маршал тантай
уулзаж байгаадаа баяртай байна.
Монголд
өрнөсөн ардчиллын үйл явцыг анхнаас нь тууштай дэмжиж, ардчиллыг
бэхжүүлэх, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд биечлэн
анхаарал тавьж, дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлье. Хоёр талын
харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд парламент хоорондын харилцаа
чухал үүрэгтэй, ялангуяа манай хоёр орны хувьд парламентын харилцаа
онцгой чухал үүрэгтэй. Цаашид хоёр орны хоорондох худалдаа, эдийн
засгийн хамтын ажиллагааг өргөжүүлж, илүү өндөр төвшинд хүргэх, ялангуяа
уул уурхай, барилга, дэд бүтэц болон хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн
үйлдвэрлэл зэрэг олон салбаруудад харилцаагаа хөгжүүлж хөрөнгө
оруулалтыг нэмэгдүүлэх нь чухал юм. Өнөөдөр болж буй Монгол-Польшийн
бизнес уулзалтад Польшийн талаас 170 гаруй, Монголын талаас 80 шахам
бизнес эрхлэгчид оролцож байгаа нь ч үнэхээр нүдээ оллоо” хэмээв.
Дашрамд
дурдахад, Польшийн парламент хоёр танхимтай бөгөөд 460 гишүүнтэй Сейм,
100 гишүүнтэй Сенатаас бүрдэнэ. Сенатын маршал Богдан Борусевич нь
Дүрслэх урлаг, түүхийн сургууль дүүргэсэн бөгөөд 1968-1970, 1986-1988
онуудад улс төрийн ухуулах хуудас тараасан хэргээр удаа дараа улс төрийн
хэрэгт мөшгигдөн ял эдэлж байсан байна. Тэрээр ардчилсан тогтолцооны
төлөө олон жилийн туршид уйгагүй тэмцэж, өдгөө Польшийн ард түмний дунд
эрх чөлөөний төлөөх тэмцлээрээ нэрд гарсан улс төрийн зүтгэлтэн юм.
Brak komentarzy:
Prześlij komentarz