poniedziałek, 14 grudnia 2015

Мэргэн буудагч татар ба ЕСҮНХЭ МЭРГЭН

Б.Ерэнтэй 1956 онд Завхан аймгийн Завханмандал суманд төржээ. Зохиолч, сэтгүүлч. 1975-1978 онуудад Польш улсад, 1984 онд МУИС-ийн сэтгүүлчийн анги төгсчээ. 1978 оноос Завхан аймгийн хоёрдугаар дунд сургуульд лаборант багш, музейд тайлбарлагч, Тоншуулд сурвалжлагч, Зууны мэдээ сонинд сурвалжлагчаар ажиллаж байжээ. Наяад оноос уран бүтээлээ эхэлж, голдуу шог зохиол бичжээ.
Мэргэн буудагч татар ба ЕСҮНХЭ МЭРГЭН
Тэртээ XIII зууны Польшийн түүхэн судар номонд: -“Татааруудын (монголчуудын) довтолгооныг хэн ч зогсоож чадахгүй байгаа тухай, замд таарсан хот тосгодыг эзлэн түйвээж Краков хот руу ойртож яваа гэсэн муу мэдээ хотын оршин суугчдыг айдаст авахуулна. Тэдэнтэй хамгийн ойрхон оршдог хаяа хот Сандомиеж руу татаарууд довтолсон нь аюул айл буусныг илтгэлээ. Гайт тэр өдөр Гэгээн Мариягийн цамхагийн харуул бүрээчин залуу сүмдээ очихоор Краков хотын гудамжны чулуун замыг товшуурдан гүйх шахам явахад дөнгөж үүр цайж байв. Түүнд муу совин төрж, үүнээс улбаалан маш эрт босч харуулын цамхаг руугаа чавхдаж яваа нь энэ. Хот даяар нам гүм, хүмүүс гүн нойрондоо автана. Харуул залуу сүмийн цамхагийн байрандаа ирээд эргэн тойрныг хянамгайлан хараачлаад бүх зүйл хэвийн байгаад сэтгэл амран дуг хийжээ. Төд удалгүй тэрбээр цочин сэрж, босон харайлаа. Хотын хаалга руу татаар цэргүүд ойртож явааг олж үзэв. Харуул бүрээгээ шүүрэн авч Мариягийн дуудлага аяыг тоглож эхэллээ. Хотын оршин суугчид сэрсэн хэдий ч эхлээд учрыг үл ойлгон “Унтуулахгүй бүрээ үлээгээд, энэ харуул галзуурав уу. Ер нь юу болоод байна вэ” хэмээн бие биенээсээ асууж нойрмог нүдээ нухална. Харуул бүрээгээ зогсоо зайгүй үлээж байлаа. Эцэст нь хүмүүс хотод нь татаарууд довтлохоор ирж явааг анхааруулсан дуудлага болохыг ойлгов. Бүрээчний тоглох Мариягийн дуудлага ая хотоо хамгаалагчдын хувьд ангийн (цэргийн) туг болж хувирлаа. Төрөлх хотоо харийн дайсанд алдахгүйн төлөөх тулалдаанд орлоо. Морьд янцгаах, шархдагчдын шаналах дуу тэнгэрт хадна. Харвасан сум, шидсэн чулуу агаар зүсэн тас няс хийнэ… Гэтэл хотынхоо төлөө амь үл хайрлан тулалдагчдын уриа болж, зогсоо зайгүй эгшиглэж байсан бүрээн дуу-Мариягийн дуудлага ая тасалдлаа. Татаар цэрэг сайхь харуулын хоолойг онож харван чимээгүй болгожээ. Татаарын суманд харуул ийнхүү амь эрсэдсэн ч бүрээгээ хөсөр унагасангүй, гартаа тас атгаастай чигээрээ хөшлөө. Татаарыг эсэргүүцэн тэмцэгч эх орончид удирдлагагүй болов. Краков хот даяар агшин зуур нам гүмд автав” гэж бичсэн байдаг.
Гэгээн Мариягийн сүм.
Цамхагийн өндөр 80 метр
Түүнээс хойш 700 гаруй жилийн турш Польшийн өмнөд хэсэгт оршдог нэг сая шахам хүн амтай, улсынхаа хоёр дахь том хот Краков хотын Гэгээн Мариягийн сүмийн цамхагийн орой дээрх тагтан дээрээс цаг тутам Мариягийн дуудлага аяыг бүрээгээр тоглож байгаа. Энэ нь төрөлх хотоо татаар монголчуудаас хамгаалан тулалдахад уриалан дуудсан бүрээчин харуулын гэгээн дурсгалд зориулсан үйл юм. Одоо цагт тагтан дээрээс бүрээ үлээх харуул Мариягийн дуудлагыг эгшиглүүлэхдээ төгсгөл хэсэгт нь зориуд хагас октаваар доошлуулан үндсэн аяыг алдаж тоглодог. Бүрээн дуу ая дангаа ингэж алдаж байгаа нь дайсан татаарын харвасан сум хоолойд нь туссанаас нэр нь үл мэдэгдэх нэгэн баатар эр амь эрсэдсэнийг эмгэнэн дурсаж байгаа хэрэг.
Зоос бүхэн хоёр талтай. Дээр дурдсан эмгэнэлт түүх бол нэг тал нь. Харин нөгөө талаас нь харвал Бат хааны цэргийн “мэргэн буудагч” харваачийн ур чадварыг хэр сайн болохыг илтгэсэн тохиолдол байжээ гэж хэлж болно. Гэгээн Мариягийн сүмийн бүрээчин рүү нум эвшээлгэж, сум тавьсан сайхь цэргийн нэрийг өнөөдөр бид мэдэхгүй. Мэдэх ч аргагүй. Дайн тулааны үед бусдаас онцгой үүрэгтэй байдаг “мэргэн буудагч”-ийн нэрийг бүхий л цаг үед чандлан нууцалсаар ирсэн бус уу.
Харин ингэж чандлан нууцлах шаардлагагүй, өөрөөр хэлбэл дайн тулааны бус цаг дор баяр наадам хийхэд шилдэг байсан нэгэн харваачийн нэрийг хад чулуунаа сийлсэн байдаг. Энэ бол Хавт Хасарын хүү Есүнхэ мэргэний тухай өгүүлсэн “Чингисийн чулууны бичиг” нэрээр түүхэнд тэмдэглэгдсэн гэрэлт хөшөө. Уг гэрэлт хөшөөг босгосон он цаг нь Краков хотыг Бат хааны цэргүүд дайлаар авахаас 17 жилийн өмнөх үе. Чингис хаан Дундад Азид аян дайн хийж Хорезм улсыг дийлэн хураасныхаа дараа 1224 онд Буха Сужихай гэдэг газар Монголын ноёд, цэргийн жанжнуудаа хуралдуулсан байна. Их үйл хэргийн дараа болсон энэхүү томоохон цугларалтын үеэр найр наадам хийж шилдэг сайн харваачдынхаа цэц мэргэнийг сориход Есүнхэ мэргэн 335 алд газарт байг оножээ.
Шинэ цагийн бүрээчин
Есүнхэ (1190-1270) нь Чингис хааны төрсөн дүү Хавт Хасарын хүү бөгөөд түүний харвааны тухай тэмдэглэсэн гэрэлт хөшөөний бичээс нь “Чингис хаан” гэж нэгдүгээр мөрний дээд хэсгээс эхэлдэг учраас шинжлэх ухааны судалгааны эргэлтэд “Чингисийн чулууны бичиг” гэсэн нэрээрээ алдаршсан юм.
Одоо ОХУ-ын Санкт-Петербург хотын Эрмитажид хадгалж байгаа энэхүү гэрэлт хөшөөг Байгал нуурын зүүнтэй Нэрчүүгийн тэндэх Хуандайн балгас гэдэг газраас олсон байна. Хөшөөн дээрх бичээсийг олон эрдэмтэн тайлан уншсаны дотроос Хөдөөгийн Пэрлээ абугайнх хамгийн зөв гэж хүлээн зөвшөөрөгдсөн байдаг тул энд авъя.
“Чинггис хан-и Сартаул иргэн таулжу баужу Хамуг Монггол улус-ун нойати Буха-Сужихай хуригсан тур йэсүнхэ онтудур-ун хурван заут гучин табун алдас-тур онтудлага”.
Бичээст гарч байгаа онтудур-ун, онтудлага гэсэн үгийг цэцэн онох, мэргэн оносон гэж тайлбарладаг.

Brak komentarzy:

Польш

Etykiety

1975 1976 1977 3 maja Adiya Ganbaatar Ambasador Mongolii Ambassador archeologia Ardente Sole ASEM baabar Balet Dworski barsbold Boże Narodzenia concert deklaracja documents Dzień Flagi Dzień mongolski Dzień Niepodległości expo-2022 fb festiwal Film dokumentlny forum Frédéric Chopin Fundacja dla Zdrowia historia Katyń konferencja Kraków Krzysztof Zanussi Kultura Latvia Lech Wałęsa Legnica Legnickie Pole Łódź Michał Łabenda Ministry for Foreign Affairs music Narodowe Święto Niepodległości Ossendowski Polish Lessons Pomnik prasa Premier Beata Szydło Prezydent RP Sąd Arbitrażowy słownik Słuchacz studiów podyplomowych smolensk sport spotkanie sylwester Syndicate talk T.Otgonbayar Tajemnica twierdzy szyfrów the Independence day of Mongolia - 12.29 turyst tv UEFA Ulaanbaatar International Film Festival visa wideo Wielkanoc Województwo wielkopolskie Айлчлал ардын ур­ла­г Аялал Аялгуут солир Б.Ерэнтэй Б.Лхагважав Б.Магванжав баабар бага хурал баримт бичиг Бархасын ДОРЖ Бат хаан Бизнес Д.Баттөмөр Ерөнхий сайд Кино МонПол клуб Музей мэдээ Наадам намтар Ном О.Дарамбазар О.Эрдэнэцогт Оюутан Өдөрлөг П.Алтанцэцэг С.Хөдөлмөр Соёл Т.Отгонбаяр Түүх Урлаг Уулзалт үзэсгэлэн Хэвлэл Чухалхүү шагнал Шинжлэх ухаан Эдийн засаг