Kraków хотын оюутнуудын дарга, чөлөөт уран бүтээлч Б.Магванжавын Хүн-байгаль сэдэвт бие даасан Холимог уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд 2011 оны 3-р сарын 14-нд болов.
Сүхбаатарт аймагт төрж, 1979 онд Польш улсын Краков хотын Уул уурхайн академи төгсөж, Налайхын нүүрсний уурхайгаас ажил амьдралын гараагаа эхэлсэн Б.Магванжав нь оюутан байх үеэсээ дүрслэх урлаг, гэрэл зургийн урлаг сонирхох болж байгалийн ер бусын тогтолцоог тэрхэн агшинд торгон мэдрэмжээрээ хальснаа буулгаж тэрчлэн зураасан зураг зурж иржээ.
Дүрслэх урлаг болон гэрэл зургийн хосолсон дэлхийн холимог бүтээлийн урлагийг монгол орны хөрсөн дээр буулгах, хүн байгалийн харилцан шүтэлцээ, өнгө ба төрхийн нэгдмэл байдал, хосолмол чанар, ертөнцийн эхлэл төгсгөлийн хэлхээний бодь шинж зэргийг холимог уран бүтээлийн гуч орчим дээж бүтээлээрээ харуулсан байна.
Энэ үзэсгэлэндээ “Алтан овоо”, “Газар ус”, “Хотын өглөө”, “Э.Оюун гуай”, “Ээждээ”, “Ширээ”, “Хэрлэн гол”, “Өглөө”, “Аялагчид” “Уул ус” зэрэг гэрэл зураг, “Уул ус”, “Хэн бэ?”, “Б.Ринчин гуай” зэрэг зураасан зургийн бүтээлээ дэлгэн харуулснаас испанийн нэрт зураач П.Пикассогийн “Герника” зургийн дэлгэц дээр ашигт малтмалын олборлолтоор байгаль дэлхийг хэрхэн сүйтгэж байгааг дүрсэлсэн нь үзэгчдийн анхаарлыг их татаж байлаа. “Ядрал”, “Бодох цаг” зэрэг бүтээл нь “Байгаль эх”-ийн шийдэлийг уянгын тайлалтай хослуулж ертөнцийн мөнх бусыг илтгэснээрээ зохиогчийн бүтээлийн цар хүрээг онцлог болгон илтгэжээ.
Үзэсгэлэн гуравдугаар сарын 25-ны өдөр хүртэл гарчээ.
Kraków хотын оюутнуудын дарга Б.Магванжавын хувийн архиваас:
Brak komentarzy:
Prześlij komentarz