Польшийн Эдийн засгийн яамнаас зохион байгуулсан “Польш улсад үйлдвэрлэв-Монголын компаниудтай хамтран ажиллах боломж” сэдэвт эдийн засгийн бага хурал боллоо. Тус улс нь манай улсын адил социалист тогтолцооноос чөлөөт зах зээл рүү шилжсэн улс билээ. Тиймээс эдийн засгийн нэг системээс нөгөөд шилжих түүхэн шилжилтийг нэгэн адил туулж, улс төр, нийгэм болон эдийн засгийн туршлага ойр улс гэж талууд нээлтийн үеэр онцоллоо.
Тус хуралд манай улсын 50 гаруй аж ахуйн нэгж оролцохоор бүртгүүлсэн ч 100 орчим бизнес эрхлэгч ирж танхимын суудал хүрэлцэхгүй зохион байгуулагчдыг багахан сандаргав. Гэвч тэдэнд суудалд тухлахаас илүүтэй тус улсын зах зээлийн талаарх илтгэлүүд сонин байгаа нь илт байв. Тэдний зарим нь хөлөө чилэхийг үл ажиран дөрвөн цагийн турш үргэлжилсэн хурлыг зогсоогоор дуусгасан юм. МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгч Б.Лхагважавын хэлсэнчлэн үүнийг Монголын бизнемэнүүд үйлдвэрлэлийг “томоор” харж, хөрөнгө оруулалт эрэлхийлж буйн илрэл гэж харж болмоор. Польш улс Европын холбоонд нэгдсэнээс хойш улсын ДНБ тасралтгүй нэмэх үзүүлэлттэй яваа аж. Гэвч тэд Европын холбоонд элсэхээс өмнө болон дараа нь банк, санхүүгийн системээ олон улсын стандартад нийцүүлэн өөрчилж чадсан улс. Бидэнд Польш улсаас суралцах зүйл их буйг Б.Лхагважав хурлын үеэр олонтаа дурьдав.
Энэхүү хуралд оролцохоор Польш улсын эдийн засгийн яамны болон хүнс, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, их дээд сургуулийн төлөөлөл бүхий 20 орчим хүн хүрэлцэн иржээ. Хурлын эхний илтгэгч Польш улсын Эдийн засгийн яамны Туслах техник хэрэгслийн хэлтсийн дэд дарга Эва Свендровска Жианковска “Бидний хоёр улс алс хол оршдог ч эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд олон зүйл биднийг холбож байгаа. Манай хоёр улсын эдийн засаг өндөр өсч байгаа нь талуудыг холбож буй нэг чухал зүйл” гэлээ. Польш улс нь эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг бөгөөд тус улсын зүгээс 11 оронд худалдаа, хамтын ажиллагаагаа илүүтэй хөгжүүлэх санал тавиад байгаа аж. Үүний нэгээр манай улсыг сонгосонд Монголын бүх бизнес эрхлэгчдийн өмнөөс талархаж буйгаа Б.Лхагважав илэрхийллээ.
Польшийн Эдийн засгийн яамны зүгээс уул уурхай, хөдөө аж ахуйн салбарын тоног төхөөрөмж нийлүүлэх болон хүнсний бүтээгдэхүүн худалдан авах гэсэн хоёр чиглэлд хамтран ажиллах сонирхолтой буйгаа илэрхийллээ. Хэдий тус орноос манай улсад суух Элчин сайд албан ёсоор байдаггүй ч Бээжин хотод байрлах Элчин сайд хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд сайн анхаарч ажиллаж байгаа гэлээ. Хөрөнгө оруулагчдыг дэмжих хэлэлцээр байгуулсан гэх зэрэг ажлуудыг харвал, хоёр орны бизнес эрхлэгчдэд хууль, эрх зүйн орчин бүрэн бүрдсэн ч худалдааны хэмжээ төдийлэн хангалтгүй байгааг Польшийн эдийн засгийн яамны хэлтсийн дарга дурьдав.
Одоогийн байдлаар Польш улс манайд нийт 37 сая ам.доллартай тэнцэх бараа бүтээгдэхүүн экспортлож байгаа бол манай улсаас 147 мянган ам.долларын худалдааг Польшийн зах зээлд нийлүүлж байна. Энэхүү харьцангуй үзүүлэлтийг дөхөм болгоход талууд анхаарч ажиллах шаардлагатайг хурлын үеэр онцоллоо.
Өнгөрсөн онд Польшийн экспорт 2013 онтой харьцуулахад 5.3 хувиар өссөн бөгөөд жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх нөхцөл сайн бүрдсэн гэдгийг тус улсын Эдийн засгийн яамныхан дурьдлаа. Тус орны нийт эдийн засгийн 18 хувийг хөнгөн үйлдвэр эзэлдэг бөгөөд Европын холбооны улсууд дундаа уг салбарын үзүүлэлт нь тавдугаарт жагсдаг аж. Мах, сүү, үр тариа, будаа, жимсний боловсруулалт, үйлдвэрлэлээрээ Польшийн ХАА дэлхийд тэргүүлэх байр суурь эзэлдэг байна. Үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байгааг дээрх статистик үзүүлэлтүүдээс харж болмоор. Тус улс нь хүнсний салбарт бүтээгдэхүүнээ зөвхөн үйлдвэрлэж, худалдаалахаас гадна хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжөө дотооддоо үйлдвэрлэж байна. Одоогийн байдлаар 1000 гаруй үйлдвэр энэ салбарын тоног төхөөрөмжийг үйлдвэрлэж байгаа аж. Эдгээр үйлдвэрт бүтээж буй машин, төхөөрөмжийг бизнес эрхлэгчдэд танилцуулан, Монголд худалдаалах сонирхолтой байгаагаа польшууд илэрхийлсэн юм.
Польшийн уул уурхайн салбарын тогтвортой хөгжлийн ард мэргэшсэн боловсон хүчин баттай зогсож байна
Хурлын удаах хэсэгт тус улсын уул уурхайн салбарын өнөөгийн байдал болоод хамтран ажиллах боломжын талаар тэд мэдээлсэн юм. Польш улс нь найман зууны түүхт давсны уурхай, таван зууны түүхтэй нүүрсний уурхайгаар дэлхийд алдартай. Тус улсын Краков хотод харъяалагдах бүс нутагт орших Величка хотын давсны уурхай дундад зуунаас ашиглаж эхэлсэн дэлхийн ганц давсны далд уурхай юм. Уурхайн гүнийн урт 300 км бөгөөд Юнескогийн соёлын өвд бүртгэлтэй. Одоогоор тус улсад гаднын жуулчдыг татах аялал жуулчлалыг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж буй учир тэд уурхайгаа “Алтан уурхай” хэмээн нэрийджээ. Тэд далд уурхайн хөгжүүлэлтээрээ дэлхийд дээгүүрт ордог бөгөөд сүүлийн үед хүний хийж чадахгүйг орлохоор машин, тоног төхөөрөмж үйлдвэрлэн бүхий л үйлдвэрлэлд ашиглаж байгаа аж.
Түүнчлэн чулуун болон хүрэн нүүрс, цэвэр зэсийн олборлолтоороо дэлхийд дээгүүр байр суурь эзэлдэг. Жилд 63 сая тонн хүрэн нүүрс, 670 мянган тонн зэс олборлодог байна. Одоогийн байдлаар Польшийн амжилттай яваа ихэнх үйлдвэр нүүрсэнд түшиглэжээ. Тус улс цаашид 20 орчим жил нүүрс олборлох төлөв байгаа. Варшав хотод байрлах цахилгаан станцууд нүүрснээс нийт 38490 МВт эрчим хүч гарган авч байна. Дэлхий нийт нүүрс байгаль орчныг бохирдуулдаг хэмээн сэргээгдэх эх үүсвэрийг илүүтэй ярих болсон энэ үед Польшууд нүүрсийг зөв боловсруулах нь чухал гэж үзэж байна. Польш, Монголын хувьд багагүй байгалийн баялагтай учир энэ салбарт хамтарч ажиллах боломж өндөр бөгөөд манай улсын эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах хүсэлтэй байгаагаа тэд илэрхийллээ. Тус улс 460 гаруй нэр төрлийн түүхий эд боловсруулж, үйлдвэрлэн олон улсад нийлүүлж байгаа бөгөөд уул уурхайн салбарт нь 130 мянган хүн ажилладаг байна. Монголоос тав дахин бага газар нутагтай ч 38 сая хүн амтай тус улсад чулуун нүүрсний хоёр том орд газар бий. Өнгөрсөн жил 73 сая тонн чулуун нүүрс олборлосон гэх статистик байна. Польшийн уул уурхайн салбар тогтвортой хөгжиж байгаа нь тус салбарын мэргэжлийн боловсон хүчинг сайн бэлдэж чадаж байгаатай холбоотой гэж Краков хотын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн профессор Пиотр Чаяа хэллээ. Дэлхийд тэргүүлэгч уул уурхайн долоон хүрээлэн болон энэ салбарт боловсон хүчин бэлтгэхэд холбогдох их, дээд сургуулиад онцгой анхаардаг аж.
“Энэ хурлын үр дүн хоёроос дөрвөн жилийн дараа Польшоос манайд хэр хөрөнгө оруулалт орж ирэв, ямар техник технологийг бид оруулж ирэв гэдгээс харагдана” хэмээн МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгч Б.Лхагважав хэлсэн юм. Мөн тэрбээр манай улс чөлөөт зах зээлтэй улс төдийгүй 2000 онтой харьцуулахад улсын эдийн засаг 10 дахин өссөн гэдгийг Польшийн талд цохон тэмдэглэлээ. Ойрын таван жилд манай улсын уул уурхай, барилгын салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа аж. Энэ нь багаж, техник, тоног төхөөрөмж болон “Know-How”-д зарцуулагдахаар байгааг Б.Лхагважав ярьлаа. Үүнд Польш болон Монголын бизнесмэнүүдийн хамтын ажиллагаа хэр урагшлахаас мөн шалтгаална гэв.
Brak komentarzy:
Prześlij komentarz