Б.Ерэнтэй
1975 оны намар цаг. Эх орондоо ерөнхий боловсролын 10 жилийн сургууль дүүргэсэн арван хэдэн хүүхэд “хээрийн галуу нисэн хүрэх” Польш улсын их дээд сургуульд элсэн суралцахаар Зүүн Европыг зорилоо. Дунд сургуульд оросоос өөр гадаад хэл заадаггүй болохоор хуваарилагдсан их, дээд сургуульдаа шууд орж суралцах боломжгүй. Тиймээс эхлээд Польшийн аж үйлдвэрийн Лоздь хотод нэг хичээлийн жилийн хугацаанд 1975, 1976 он дамнан польш хэл сурах ёстой. Лоздь хотын Их сургуулийн хэлний бэлтгэл ангид элсэж, гадаад оюутнуудад зориулсан дотуур байрны нэг тасагт гурвуулаа амьдрах боллоо. Тасагт хамт орсон Сорогдогийн Жаргалсайхан (хожмоо “Чингис хааны нууц түүх” роман, “Сүүдэр” кино, “Шөнө дундын бүжиг” жүжиг зэрэг уран бүтээлээрээ олны танил болсон зохиолч) нь Хөвсгөлийнх, би Завханых, хоёулаа хөдөөнийх, Нямын Батбаяр (хожмоо Гандантэгчэнлингийн хурлын лам) нь Улаанбаатар хотынх. Өөрийгөө буриад гэх Н.Батбаяр нь нийслэлийн 10 жилийн I сургуулийг төгссөн, дунд сургуульд байхдаа тооны хичээлээр хот, улсын төдийгүй олон улсын олимпиадад оролцож медаль авч байсан гэнэ. Тэгэхээр хөдөөний бид хоёрт бол “хотын Гаусс” (математикийн хаан гэгддэг Германы эрдэмтэн) ажээ. Түүнийг ”хотын Гаусс” гэсэн учир нь С.Жаргалсайхан бид хоёр өөрсдийн Хөвсгөл, Завхан аймгийн тооны олимпиадад 7-10 ангийн сурагч байхдаа дөрвөн жил дараалан оролцож түрүүлж арай чадаагүй ч дээгүүр байрт шалгарч байсан математикчид. Өөрөөр хэлбэл хөдөө аймагтаа “бяцхан Гаусс”-ууд явсан гэсэн үг.