piątek, 20 maja 2016

Liverpool F.C.

 Б.Ерэнтэй
1975 оны намар цаг. Эх орондоо ерөнхий боловсролын 10 жилийн сургууль дүүргэсэн арван хэдэн хүүхэд “хээрийн галуу нисэн хүрэх” Польш улсын их дээд сургуульд элсэн суралцахаар Зүүн Европыг зорилоо. Дунд сургуульд оросоос өөр гадаад хэл заадаггүй болохоор хуваарилагдсан их, дээд сургуульдаа шууд орж суралцах боломжгүй. Тиймээс эхлээд Польшийн аж үйлдвэрийн Лоздь хотод нэг хичээлийн жилийн хугацаанд 1975, 1976 он дамнан польш хэл сурах ёстой. Лоздь хотын Их сургуулийн хэлний бэлтгэл ангид элсэж, гадаад оюутнуудад зориулсан дотуур байрны нэг тасагт гурвуулаа амьдрах боллоо. Тасагт хамт орсон Сорогдогийн Жаргалсайхан (хожмоо “Чингис хааны нууц түүх” роман, “Сүүдэр” кино, “Шөнө дундын бүжиг” жүжиг зэрэг уран бүтээлээрээ олны танил болсон зохиолч) нь Хөвсгөлийнх, би Завханых, хоёулаа хөдөөнийх, Нямын Батбаяр (хожмоо Гандантэгчэнлингийн хурлын лам) нь Улаанбаатар хотынх. Өөрийгөө буриад гэх Н.Батбаяр нь нийслэлийн 10 жилийн I сургуулийг төгссөн, дунд сургуульд байхдаа тооны хичээлээр хот, улсын төдийгүй олон улсын олимпиадад оролцож медаль авч байсан гэнэ. Тэгэхээр хөдөөний бид хоёрт бол “хотын Гаусс” (математикийн хаан гэгддэг Германы эрдэмтэн) ажээ. Түүнийг ”хотын Гаусс” гэсэн учир нь С.Жаргалсайхан бид хоёр өөрсдийн Хөвсгөл, Завхан аймгийн тооны олимпиадад 7-10 ангийн сурагч байхдаа дөрвөн жил дараалан оролцож түрүүлж арай чадаагүй ч дээгүүр байрт шалгарч байсан математикчид. Өөрөөр хэлбэл хөдөө аймагтаа “бяцхан Гаусс”-ууд явсан гэсэн үг.
“ЛИВЕРПҮҮЛ”-ийн хөгжөөн дэмжигч Ж.ЗОРИГТБААТАР, Ц.ЭЛБЭГДОРЖ, АНЖЕЛИНО ЖОЛИ...
Хэлний бэлтгэлд суралцаж байх үед Польш даяар хөлбөмбөгөөр амьсгалж байлаа. Энэ нь Польш улсын шигшээ баг 1972 оны Мюнхэний олимпид түрүүлж алтан медаль авсан, мөн 1974 онд Германд зохиосон ДАШТ-д дэлхийн аварга Бразилийг хожиж гуравдугаар байрт шалгарч алтадсан мөнгөн медалиар хөлбөмбөгчид нь энгэрээ мялааснаас эхтэй.
    Хэдүүлээ Польш болон хэлний бэлтгэл ангийн гадаад оюутнуудтай нийтийн жишгээр яриа үүсгэнэ. С.Жаргалсайхан бид хоёр өөрсдийн мэдэх хэмжээнд Оросын хөлбөмбөгийн Москвагийн “Спартак”, Киевийн “Динамо” баг, супер довтлогч Олег Блохины(1975 оны Европын шилдэг хөлбөмбөгчийн “Алтан бөмбөг”-ийн эзэн, 1972, 1976 оны олимпийн хүрэл медальт) тухай ярина. Гэтэл Н.Батбаяр арай л дээд төвшинд Английн хөлбөмбөг, “Ливерпүүл” баг, довтлогч Киганы талаар тэдгээр оюутнуудтай эн тэнцүү хөөрөлдөж байх юм.
    Хөлбөмбөгөөс үүдэлтэйгээр “хотын Гаусс” Н.Батбаяр болон “хөдөөний бяцхан Гаусс”-уудын хооронд мэдлэг, мэдээллийн талаар асар ялгаа байгааг анх  анзаарч билээ. Ер нь иймэрхүү жишээ олон бий. Хөгжим ярих болоход С.Жаргалсайхан бид хоёр ”Beatles”-ийг шүтнэ, Н.Батбаяр болохоор “Pink Floyd”-ыг магтана. “Хэнтийн өндөр ууланд” симфонийг шагшин дуу алдахад тэрбээр огт үгүйсгэхгүй ч сонгодог хөгжмийн пянз тавьж Бетховены есдүгээр симфони сонсгоно. Эрийн гурван наадмын өрсөлдөөн ч гаажтай шүү гэхэд “Багийн спорт, тэр тусмаа хөлбөмбөгийн тоглолт арай л өөр” гэж өгүүлнэ.
    Өмсөхөд биенд эвтэйхэн, угаахад будаг нь арилдаггүй Польшийн дуураймал жийнс “Одра”-г зүгээр юм байна гэхээр “Нэгэнт л мөнгө зарж жийнс авч байгаа бол дэлхийд алдартай фирмийн “Wrangler”  дээр” гэж  зөвлөнө.
    1976 оны хавар УЕФА-гийн цом (одоогийн Европын лиг)-ын плей-оффын шөвгийн 16-д Польшийн “Шлёнск” клубтэй Английн “Ливерпүүл” баг оноолт таарч тоглосон юм. Эхний тоглолт Вроцлав хотын “Шлёнск” багийн талбайд болоход польшууд 0:2-оор, Ливерпүүл хотод болсон хариу тоглолтод 1:3-аар хожигдож байсан. Тэр хоёр тоглолт телевизээр Польш даяар шууд гарсан бөгөөд  С.Жаргалсайхан бид хоёр шимтэн үзэж “үлгэрийн хотон шувуунууд”-ын хөгжөөн дэмжигч хэмээн өөрсдийгөө нэрлэх эхлэлээ тавьсан билээ.
    Эргэн санахад Польшийн үндэсний олон нийтийн телевиз нь хөлбөмбөгийн тэмцээнийг, яг л одоо манай спортын SPS суваг шиг маш их дамжуулдаг байж. Тэр хавар УЕФА-гийн “Ливерпүүл”-ийн бүх тоглолтыг, шөвгийн наймд Ардчилсан Герман улсын “Динамо Дрезден” багийг 0:0, 2:1, шөвгийн дөрөвт Испанийн “Барселон”-ыг 1:0, 1:1, дараа нь аваргын төлөө Бельгийн “Брюгге” багийг 3:2, 1:1 гэсэн харьцаатай, хоёр тоглолтын нийлбэр дүнгээр хожихыг нь үзсэн юм.
    Тухайн үед УЕФА-гийн финалд (одоогийн Евро лиг) шалгарсан баг харилцан зочилж хоёр удаа тоглож хэн цомын эзэн болохоо тодруулдаг байв. “Ливерпүүл”-ийн “үлгэрийн хотон шувуунууд” эхний тоглолтыг талбайдаа хийсэн. Нэгдүгээр үед хоёр гоол алдаж 0:2-оор хожигдож яваад хоёрдугаар үед зогсоо зайгүй довтолсоор оноог 2:2 болгож, супер довтлогч Киган хожлын гурав дахь гоолыг 11-ийн торгуулийн цохилтоор оруулж “Ливерпүүл” өрсөлдөгчөө 3:2-оор хожиж билээ. “Ливерпүүл” клубийг Бельгид зочилж тоглоход тэдний хаалганд “Брюгге” мөн л эхний гоол хийж 1:0-ээр хошуучилж байсан бөгөөд тэнцээний гоолыг Киган оруулснаар нийлбэр дүнгээр (4:3) тус баг аварга болж УЕФА-гийн цом авсан. Энэ нь “Ливерпүүл”-ийн түүхэн дэх УЕФА-гийн тэмцээний хоёр дахь түрүү байв.
    Дараа нь Н.Батбаяр, С.Жаргалсайхан бид гурав 1976 оны намар эхэлж 1977 оны хавар өндөрлөсөн Аваргуудын лиг (хуучнаар Аваргуудын цом)-т “Ливерпүүл” анх удаа түрүүлж цом авахдаа хийсэн нийт есөн тоглолтыг телевизээр хамтдаа үзэж билээ. Энэ бүхний эцэст багийн, тэр тусмаа хөлбөмбөгийн тоглолтын хувь заяа нэг тамирчнаас бус бүгдээс нь ямар их хамааралтай болохыг, ийм  учраас үзүүштэй сонирхолтой байдгийг ойлгосон юм. Сөрөг тал нь ганцаарчилсан өрсөлдөөний хувилбараар ялагч нь тодордог манай эрийн гурван наадам, дэлхийн хүнд, хөнгөн атлетикийн төрлүүд, газрын теннис, “Formula” болон өвлийн цана, тэшүүрийн уралдаан гэх мэт спортыг урьдынх шигээ дурлан үзэх сонирхол буурсан.
    Миний сурч байсан Краков хотод “Висла” нэртэй, Польш төдийгүй Зүүн Европтоо дээгүүр эрэмбэлэгддэг хөлбөмбөгийн баг байдаг. Польшийн эртний ханлиг улсын нийслэл байсан тус хотынхон хөлбөмбөгийн “Висла” багаа дэмждэг, олонхи нь тус клубын үнэнч хөгжөөн дэмжигч. 1977 оны намар “Echo Krakowa” сониноос, Краков хотын хамба лам кардинал Йозеф Войтыла хөлбөмбөгт маш дуртай, гэхдээ төрөлх хотынхоо “Висла” багийг биш Английн “Ливерпүүл” клубийн хөгжөөн дэмжигч гэсэн үгтэй, түүнийг магтаж муулж байгаа хоёрын алин болох утга нь мэдэгдэхгүй мэдээ уншсан юм. Тухайн үед нэг их ойшоосонгүй, гэхдээ “Ливерпүүл”-ийг дэмждэг польш лам байгаа нь  сайхан л санагдаж байв.
    Харин 1978 оны аравдугаар сард Ромын пап ламын ширээнд залагдсан II Иоанн Павел нь  “үлгэрийн хотон шувуунууд”-ын үнэнч дэмжигч нөгөө Краковын хамба Йозеф Войтыла гэдгийг сонсоод баярлаж билээ.
    Дашрамд хэлэхэд алдарт “Ливерпүүл”-ийн хөгжөөн дэмжигчдийг, манайд гэхэд Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос эхлээд Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргалыг нэрлээд жирийн сэтгүүлч намайг оролцуулан тоолоход олон мянган хүн байгаа. Харин Монгол талаасаа номер нэг улаан фен, “Ливерпүүл”-ийн хөгжөөн дэмжигчдийн анхдагч нь Дорнод аймгийн Чойбалсан сумын дунд сургуулийн физикийн багш Ж.Зоригбаатар болов уу. 1976 онд анх танилцахад, тэрбээр манай хойд хөршийн долоо хоног тутмын “Футбол-Хоккей” сониныг 1974 оноос эхлэн тогтмол уншиж буйгаа сонирхуулж, уг хэвлэлд нийтлэгдсэн “Ливерпүүл”-тэй холбоотой бүх материалыг хайчлан тусад нь дэвтэрлэсэн хавтас үзүүлж байсан юм. Тус багийн алдарт дасгалжуулагч Билл Шенкли, Боб Пейсли болон Каллаган, Киган, Клеменс, Фил Томсон, Тошак, Хайвэй нарын шилдэг тоглогчийн өнгөтэй, өнгөгүй зургаар түүний хийсэн альбомыг би сонирхох зууртаа хөлбөмбөгийн багийн жинхэнэ шүтэн бишрэгч бол ийм байдаг аж гэсэн баримжаа, жишиг ойлголт авч билээ.
    Хөлбөмбөг бол манай бөмбөрцгийн хамгийн их дэлгэрсэн, хамгийн олон үзэгч сонирхогчтой спорт. Дэлхийн номер нэг спорт болсны шалтгааныг  тоглолтын дүрэм нь бичиг үсэг мэдэхгүй гэрийн эзэгтэй нарт ч, эрдэмтэн  профессоруудад ч ялгаагүй ойлгогдохоор хялбар, маш энгийн учраас тэр хэмээн судлаачид онцлон тайлбарладаг.
    Гэхдээ хөгжөөн дэмжигчдийн армийнхан хөлбөмбөгийн клубүүдийг өөр өөрийн хүсэл зоргоор тус тусдаа “өмчлөн” авч байгааг, өөрөөр хэлбэл тэдний хуваагдлын талаар нэгдсэн нэг дүгнэлтийг хэлж чаддаггүй юм. Судлаачдын зарим нэг яриаг сонсож байхад нээрээ ч тийм болов уу гэж санагдах нь бий. Тухайлбал, “Ливерпүүл”-ийг дэмжигчид дэлхийн өнцөг булан бүрт дэндүү олон байгааг  зарим талаар ”Beatles” хамтлагтай холбоно. Алдарт дөрвөлийн төрөлх хотын хөлбөмбөгийн клуб гэсэн имижээс үүдэн “Ливерпүүл”-ийг талархагчдын асар их урсгал 1960-аад дунд үеэс тус клубийн үндсэн фэнүүд дээр нэмэгдсэн гэж үзэх хүмүүс ч байна.
    “Beatles”-ийнхний төрөлх нутаг Ливерпүүл хот нь хөлбөмбөгийн “Ливерпүүл”, “Эвертон” гэсэн хоёр багтай. Тус хамтлагийн дөрвөн гишүүнээс ганцхан Пол Маккартни л залуудаа цаг зав гарган хөлбөмбөгийн тэмцээн үздэг байсан бөгөөд тэрээр алдарт “Ливерпүүл” багийг биш түүний мөнхийн өрсөлдөгч “Эвертон”-ы хөгжөөн дэмжигч ажээ.
    Урлаг, киноны салбарын оддоос Холливүүдийн жүжигчин Сталлоне нь Пол Маккартнийг даган дуурайж “Эвертон”-ыг дэмждэг байна. Гэсэн ч “Ливерпүүл”-ийн “үлгэрийн хотон шувуунууд”-ын хөгжөөн дэмжигчдийн дунд урлагийн од цөөнгүй бий. Үүнд:
    -жүжигчин Брег Питт, түүний гэргий Анжелино Жоли, “Жеймс Бонд”-Даниэль Крейг,
    -Самуэль Л.Жексон,  Лиам Нисон, Майк Майерс,
    -Ричард Гир, Билли Боб Торнтон, Холли Берри,
    -Ким Кэтролл, Шонн Уильям Скотт,
    -Ирландын нэртэй хөгжмийн зохиолч Крис Де Бург,
    Америкийн рэпер, продюссер Доктор Дре, рэпер Жон Барнс, рок дуучин Кортни Лав,
    -Английн дуучин Элвис Костелло, Spise Girls хамтлагийн Мелани Си, The Faces хамтлагийн Род Стюарт нарын олон уран бүтээлчийг дурдаж болно.
    Спортын салбараас “Формула-1”-иийн домогт тамирчин Германы Шумахер, газрын теннисний супер од Данийн Каролин Возняцки нарыг нэрлэхэд хангалттай.
 “ЛИВЕРПҮҮЛ”-үүлийн амжилтын товчоон
Лигийн аварга – 18 удаа
1901, 1906, 1922, 1923, 1947, 1964, 1966, 1973, 1976, 1977, 1979, 1980, 1982, 1983, 1984, 1986, 1988, 1990 он
Аваргуудын лиг – 5 удаа
1977, 1978, 1981, 1984, 2005 он
Английн цомын ялагч – 7 удаа
1965, 1974, 1986, 1989, 1992, 2001, 2006 он
Лигийн цомын ялагч – 8 удаа
1981, 1982, 1983, 1984, 1995, 2001, 2003, 2012 он
УЕФА цомын ялагч – 3 удаа
1973, 1976, 2001 он
Европын супер цом – 3 удаа
1977, 2001, 2005 он
Супер цом  – 1 удаа
1986 он

1 komentarz:

Anonimowy pisze...

Гавьяат Ливерпүүлчин
https://drive.google.com/file/d/0B0RycdV2BZNzbFJOb2dsSU9aUjg/view?usp=sharing

Польш

Etykiety

1975 1976 1977 3 maja Adiya Ganbaatar Ambasador Mongolii Ambassador archeologia Ardente Sole ASEM baabar Balet Dworski barsbold Boże Narodzenia concert deklaracja documents Dzień Flagi Dzień mongolski Dzień Niepodległości expo-2022 fb festiwal Film dokumentlny forum Frédéric Chopin Fundacja dla Zdrowia historia Katyń konferencja Kraków Krzysztof Zanussi Kultura Latvia Lech Wałęsa Legnica Legnickie Pole Łódź Michał Łabenda Ministry for Foreign Affairs music Narodowe Święto Niepodległości Ossendowski Polish Lessons Pomnik prasa Premier Beata Szydło Prezydent RP Sąd Arbitrażowy słownik Słuchacz studiów podyplomowych smolensk sport spotkanie sylwester Syndicate talk T.Otgonbayar Tajemnica twierdzy szyfrów the Independence day of Mongolia - 12.29 turyst tv UEFA Ulaanbaatar International Film Festival visa wideo Wielkanoc Województwo wielkopolskie Айлчлал ардын ур­ла­г Аялал Аялгуут солир Б.Ерэнтэй Б.Лхагважав Б.Магванжав баабар бага хурал баримт бичиг Бархасын ДОРЖ Бат хаан Бизнес Д.Баттөмөр Ерөнхий сайд Кино МонПол клуб Музей мэдээ Наадам намтар Ном О.Дарамбазар О.Эрдэнэцогт Оюутан Өдөрлөг П.Алтанцэцэг С.Хөдөлмөр Соёл Т.Отгонбаяр Түүх Урлаг Уулзалт үзэсгэлэн Хэвлэл Чухалхүү шагнал Шинжлэх ухаан Эдийн засаг