Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж БНПУ-ын Ерөнхийлөгч Бронислав Коморовскиг хүлээн авсныхаа дараа албан ёсны хэлэлцээнд урьлаа. Уг хэлэлцээнд Монголын талаас Ерөнхийлөгчийг дагалдан УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд, Монгол Улсаас БНПУ-д суугаа Элчин сайд А.Ганбаатар, УИХ-ын гишүүн, Уул, уурхайн сайд Д.Ганхуяг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин, Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн нарын албаны төлөөлөгчид байлцав.
Харин Польш Улсын талаас хэлэлцээнд Шадар сайд, Эдийн засгийн сайд Я.Пехочиньски, БНПУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Т.Хомицки, тус улсын Үндэсний аюулгүй байдлын товчооны дарга С.Кожей, ЕТГ-Төрийн нарийн бичгийн дарга О.Джеконьски нарын албаны хүмүүс байлцав.
Хэлэлцээний эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Эрхэмсэг Ерөнхийлөгч Бронислав Коморвски Та болон танай өндөр албаны хүмүүс манай оронд зочилж буйд бид баяртай байна. Манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд ивэхитэй өргөжин хөгжиж байгаад баяртай байна. Польш Улс Европт ардчиллын галыг асаасан ардчиллын баялаг түүхтэй орон. Энэ нь манай хоёр ард түмний хооронд найрсаг дотно харилцааг хөгжүүлж байдаг нэг чухал зүйл юм. Таны энэ удаагийн айлчлал хоёр орны төрийн байгууллага хоорондын болон, эдийн засгийн харилцаанд чухал тус дэм болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Дараа нь Польш Улсын Ерөнхийлөгч Б.Коморовски хэлэхдээ “Бид өнөөдөр Монгол Улсад айлчилж байгаадаа баяртай байна. Сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа манай хоёр орны харилцаа хамтын ажиллагаанд би сэтгэл өндөр байна. Энэ удаагийн миний айлчлалын бүрэлдэхүүнд бизнесийн олон төлөөлөгчид ирсэн. Энэ нь хоёр орны хооронд бизнесийн прагматик харилцааг хөгжүүлэхэд ихээхэн түлхэц болно гэж бодож байна гэлээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дараа нь Монгол Улс АОХН-ийг тэргүүлэх явцад БНПУ идэвхитэй дэмжлэг үзүүлэн хамтран ажилласанд талархал илэрхийлээд эдийн засгийн салбарын эрчимтэй харилцаанаас гадна батлан хамгаалах, боловсрол, шинжлэх ухааны салбаруудын харилцаа, хамтын ажиллагаа ихэд чухлыг онцлон тэмдэглэв.
Уулзалтын төгсгөлд БНПУ-ын Ерөнхийлөгч Б.Коморовски Ардиллыг бэхжүүлэх, ардчиллын боловсролыг дэлгэрүүлэх үйлсэд Монгол Улс амжилттай байр суурь эзэлж АОХН-ийг амжилттай даргалсанд баяр хүргэж буйгаа хэлээд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад Монгол Улс гишүүнээр элссэнд мөн баяр хүргэж амжилт хүсэв. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн яриандаа дурьдсан хоёр улсын хоорондын харилцааг улам бүр эрчимтэй хөгжүүлэхэд Польш Улс Монгол Улсад ЭСЯ-аа нээх нь чухал байгааг дэмжиж цаашид энэ талаар анхааран ажиллахаа хэлэв.
Мөн хэлэцээний үеэр БНПУ-ын Шадар сайд, Эдийн засгийн сайд Я.Пехочиньски хоёр орны хоорондын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, уул уурхайн, геологийн хайгуулын салбарт хамтран ажиллах талаар байр сууриа илэрхийлсэн юм.
Brak komentarzy:
Prześlij komentarz