Монгол улсад өнөөдөр албан ёсны айлчлал хийж буй Польшийн ерөнхийлөгч Бронислав Коморовскийн айлчлалын хүрээнд тус улсын тэргүүн хатагтай Анна Коморовска Оюуны бэрхшээлтэй хүүхдийн нөхөн сэргээх сургалтын төв дэх Монголын дауны холбоо ТББ-аар зочиллоо. Польшийн тэргүүн хатагтай тус төвийн хүүхдүүдтэй уулзаж, бэлэг өгсөн бөгөөд тэдний хийсэн бүтээлүүд болон 14 настай Энхжин охины монгол бүжгийн үзүүлбэрт өндөр сэтгэгдэлтэй үлдсэн гэнэ.
Монголын дауны холбоо ТББ-аас хэрэгжүүлж буй эмгэгтэй хүүхдүүдийн эцэг эхчүүдэд зөвлөгөө өгч, сургалт явуулах, эрүүл мэндийн үнэгүй үзлэг оношлогоо явуулах төслийг Польшийн Гадаад харилцааны яам хоёр дахь жилдээ дэмжин, санхүүжүүлж байгаа юм байна. Польшийн тэргүүн хатагтай Анна Коморовска Монголын дауны холбоо ТББ-ын тэргүүн С.Оюунтай дауны эмгэгтэй тэдгээр хүүхдүүдийн ирээдүйн төлөө хамтарч ажиллах мөн цаашид Польшийн Гадаад харилцааны яамнаас тус төвд үзүүлэх дэмжлэг, туслалцааны талаар санал бодлоо солилцсон байна.
Монголын дауны холбоо ТББ нь дауны эмгэгтэй хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагчдын санаачилгаар 2008 онд байгуулагдсан юм. Ашгийн бус энэхүү байгууллага нь оюуны бэрхшээлтэй хүүхдүүдэд нөхөн сэргээх сургалт, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн үйл ажиллагаа явуулахаас гадна эцэг эхчүүдэд зөвлөгөө өгдөг аж. Дауны синдром нь илүү хромсомтой төрснөөс үүддэг оюуны болон эрүүл мэндийн эмгэг юм. Монголд 800 төрөлт тутамд нэг удаа ийм эмгэгтэй хүүхэд төрдөг гэсэн судалгаа гарчээ.
Brak komentarzy:
Prześlij komentarz