czwartek, 12 marca 2015

УИХ-ын дарга З.Энхболд ХБНГУ, БНПУ-д албан ёсны айлчлал хийнэ

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд ХБНГУ-ын Бундестагийн Ерөнхийлөгч Н.Ламмерттын урилгаар 2015 оны 3 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд ХБНГУ-д, БНПУ-ын Сенатын Маршал Богдан Борусевичийн урилгаар 3 дугаар сарын 18-21-ний өдрүүдэд БНПУ-д тус тус албан ёсны айлчлал хийнэ.

 Улсын Их Хурлын дарга З.Энхболд ХБНГУ-д хийх айлчлалынхаа хүрээнд тус улсын Бундестагийн Ерөнхийлөгч Н.Ламмерттай хэлэлцээ хийж, Бундестагийн Дэд ерөнхийлөгч Э.Булмаантай уулзана. Айлчлалын үеэр Улсын Их Хурлын дарга З.Энхболдод ХБНГУ-ын Бундестагийн Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, Холбооны ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга М.Эдерер, ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга Ё.Фухтел, Берлин муж улсын Парламентын дарга Р.Вийлэнд, Ханновер хотын Засаг дарга Ш.Шосток, Доод Саксон муж улсын Ерөнхий сайд Ш.Вайл нар бараалхана. Мөн “Saxenergy Mongolia” компани, “Siemens AG” компанийн удирдлага, Эссен хотын клиникийн Их сургуулийн проффесор, доктор В.Попп, “AbbVie” компанийн гепатит C вирусын эмчилгээний зохицуулагч М.Лихиус нар бараалхана.
 Айлчлалын үеэр Улсын Их Хурлын дарга З.Энхболд ХБНГУ-ын Бундестагийн чуулганы хуралдаантай танилцаж, Доод Саксон муж улсын парламентад зочилно. Түүнчлэн Ханновер хотноо болох “CeBIT” олон улсын мэдээлэл технологийн үзэсгэлэнгийн нээлтэд оролцож, Фолксвагены Ханновер дахь микроавтобус, хагас ачаа, тусгай хэрэгцээний машины үйлдвэртэй танилцана. Түүнчлэн Конрад-Аденаурийн Санд зочлон илтгэл тавьж, Хумболтийн Их Сургуулийн Монгол судлалын тэнхимийн оюутнууд болон ХБНГУ-д ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзалт хийнэ.
 БНПУ-д хийх айлчлалынхаа хүрээнд Улсын Их Хурлын дарга З.Энхболд БНПУ-ын Сенатын Маршал Богдан Борусевич, БНПУ-ын Сеймийн Маршал Родаслав Шикорскитой хэлэлцээ хийнэ. Мөн БНПУ-ын Шадар сайд, Эдийн засгийн сайд Януш Пехочиньски, Гадаад хэргийн сайд Гшегож Схетынатай уулзахаас гадна Варшавын Их Сургуулийн Дорно дахины хүрээлэнгийн Турк болон Дундад Азийн ард түмнүүдийн судлалын тэнхимийн багш, оюутнууд, Польш Улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзалт хийнэ.
 Айлчлалын үеэр Улсын Их Хурлын дарга БНПУ-ын Гданск хот дахь Хөлөг онгоцны үйлдвэрийн 1970 онд амь эрсэдсэн ажилчдын дурсгалын хөшөөнд цэцэг өргөж, “Бид Монголчуудтай эв санаа нэгтэй” үзэсгэлэнгийн нээлтэд оролцон, Европын эв санааны нэгдлийн төвтэй танилцана. Улсын Их Хурлын даргын айлчлалын үеэр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Сеймийн Тамгын газрын дарга Ян Чапла нар Тамгын газрын хоорондын хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурна.
 Улсын Их Хурлын даргын ХБНГУ, БНПУ-д хийх албан ёсны айлчлалын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга Л.Болд, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Л.Эрдэнэчимэг, Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, З.Баянсэлэнгэ, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг, Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга О.Батханд нар орсон байна. Улсын Их Хурлын даргын ХБНГУ, БНПУ-д хийх албан ёсны айлчлалыг сурвалжлахаар хэвлэл мэдээллийн байгууллагын сурвалжлах хэсэг дагалдан явна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Brak komentarzy:

Польш

Etykiety

1975 1976 1977 3 maja Adiya Ganbaatar Ambasador Mongolii Ambassador archeologia Ardente Sole ASEM baabar Balet Dworski barsbold Boże Narodzenia concert deklaracja documents Dzień Flagi Dzień mongolski Dzień Niepodległości expo-2022 fb festiwal Film dokumentlny forum Frédéric Chopin Fundacja dla Zdrowia historia Katyń konferencja Kraków Krzysztof Zanussi Kultura Latvia Lech Wałęsa Legnica Legnickie Pole Łódź Michał Łabenda Ministry for Foreign Affairs music Narodowe Święto Niepodległości Ossendowski Polish Lessons Pomnik prasa Premier Beata Szydło Prezydent RP Sąd Arbitrażowy słownik Słuchacz studiów podyplomowych smolensk sport spotkanie sylwester Syndicate talk T.Otgonbayar Tajemnica twierdzy szyfrów the Independence day of Mongolia - 12.29 turyst tv UEFA Ulaanbaatar International Film Festival visa wideo Wielkanoc Województwo wielkopolskie Айлчлал ардын ур­ла­г Аялал Аялгуут солир Б.Ерэнтэй Б.Лхагважав Б.Магванжав баабар бага хурал баримт бичиг Бархасын ДОРЖ Бат хаан Бизнес Д.Баттөмөр Ерөнхий сайд Кино МонПол клуб Музей мэдээ Наадам намтар Ном О.Дарамбазар О.Эрдэнэцогт Оюутан Өдөрлөг П.Алтанцэцэг С.Хөдөлмөр Соёл Т.Отгонбаяр Түүх Урлаг Уулзалт үзэсгэлэн Хэвлэл Чухалхүү шагнал Шинжлэх ухаан Эдийн засаг