środa, 1 lipca 2015

Аюурзаны ӨЛЗИЙБАЯР : Монголдоо тэмүүлсэн сэтгэл

Аюурзаны Өлзийбаяр "МОНГОЛДОО ТЭМҮҮЛСЭН СЭТГЭЛ" номоос хэсэгчилэн нийтлэв...

ЖИЧ: Энэхүү бодит амьдралаас үүдсэн номонд 18 насандаа хэцүү бэрх дарлалыг үл тэвчин эрх чөлөөг хүсэмжилж, ижийтэйгээ ахин уулзахгүйгээ мэдсээр байвч Монгол руу оргосон бодит түүхээс өгүүлнэ.
1962 он. Маш хэцүү хүнд бэрх цаг үе.


Зохиогч: Энэхүү номоо би монгол хүн хэмээн өөрийгөө дээдэлж, улс үндэстнийхээ тулд бүлээн цус, халуун амиа үл хайрлан эрдэнэт бие, нэг олдох амь насаа тэрчигт нь зориулж мятаршгүй сөхөршгүй зүтгэж явсан үе үеийн аугаа их өвөг дээдэстээ зориулав.

Ижий минь баяртай (Монгол руу оргохын өмнө 1962 он, 4-р бүлгээс)

Хөх хотын цагдан сэргийлэхийн ерөнхий газрын хашаанд суудаг ижийтэйгээ хагас, бүтэн сайн өдөр бүр уулзах гэж хичээдэг, өлсгөлөнгийн тэр бэрх үед хүн бүр оногдсон нормт хоолоо хүртдэг болохоор намайг очихоор ижий минь өгөх барих юмаа олж ядан зовчихдог байв. Би ч тэднийхээ хоолоос хороохгүйг хичээдэг учир байнга очиж чаддаггүй байв. Нас нэлээд ахисан хойноо гаргасан Эрдэнэ хүү нь чухам юу бодож сэдэж явааг, нүдний цөцгий мэт нандигнадаг тэр эрхэм хүү нь ижийгээ бүрмөсөн орхиод хаашаа одох гэж байгааг буурал ижий минь хэрхэн яаж мэдэх билээ. Хүүдээ бурхан шиг итгэдэг энэрэлт ижий минь, “Хэзээ миний үр эрийн цээнд хүрч эхнэр авч, үр хүүхэдтэй болоод ижий нь тэвэрч суух бол” гэж дандаа ярьдаг байсан сан. Эрдэнэ мэт үр нь болж төрчихөөд тэр нандин хүслийг нь биелүүлж чадаагүйдээ харамсаад харамсаад баршгүй. Ижийгээ орхиод, алс хол руу тэнүүчлэн явахыг минь мэдсэн бол гараас зуураад яасан ч тавихгүй байсан байх даа. Гэр рүү явах зам зуурт ижийгийн минь үрээ гэсэн ариун хайр, өгөөмөр нандин сэтгэлийг ер юу орлож чадах билээ дээ хэмээн уяран бодож, түмэн зүйлийг эргэцүүлэн, ижийгээ гэнэтхэн өрөвдөж, өөрийн эрхгүй зүрх шимшрэн шаналж явсан билээ. Гэртээ ороход минь ижий ахын бага охин Линаг өвөр дээрээ суулгачихсан унтуулахаар дуу аялан бүүвэйлж байгаа харагдав.

-Бид хөдөө явахад бэлэн боллоо. Ижий тандаа баяртай гэж хэлэхээр ирлээ гэхэд ижий минь, 
-Хүүгээ өнөөдөр, маргааш хоёрын нэгэнд заавал ирнэ гэж бодоод хүлээж суулаа. Ахаар чинь мах авахуулж, идэх дуртай хуушуурыг чинь хийж өгөхөөр бэлдсэн гэж нүүрэндээ инээмсэглэл тодруулан хэлэв. Төдхөн өнөөх инээмсэглэл нь гэнэт ор мөргүй арилж, нулимсаа барьж чадалгүй уйлчихлаа. “Ижий минь, миний хамаг учрыг мэдчихээд уйлж байгаа юм болов уу” гэж бодоод, 
-Та юунд уйлав гэж асуув.
-Урьд шөнө хүүд минь золгүй явдал учирлаа гэж муухай зүүд зүүдэлж, хар дарж сэрээд, дахин унтаж чадсангүй гэж арайхийн хэлээд нулимсаа барьж ядан суув. 
-Ижий нь туж л Мөнх хөх тэнгэртээ мөргөж, хүүг минь ивээлдээ авч, өсөх ирээдүй хойчид өвчин зовлонгүй, эрдэм ном их үзсэн, ухаан төгөлдөр хүн болоорой. Аз хийморьтой яваарай гэж залбирч байдаг юм. Өнгөрсөн шөнийн зүүдээ бодохоос бие зарсхийгээд, хүйтэн хөлс өөрийн эрхгүй гарах юм гэж яриад зүүднийхээ тухай ийн өгүүлэв. 
-Нэг нь бавгар хар сахалтай, шулуун хянган том хамартай, хоёрдахь нь халзан толгойтой, өргөн том духтай, эрүүндээ сахалтай мангас гэмээр хоёр хүн хүүгийн минь хоёр талаас чирч, “тэрслүү энэ амьтныг уурын зуух руу шидэж шатаана” гэж амандаа бувтнаж байна гэж зүүдлээд цочин сэрлээ гэв. Мөнх хөх тэнгэрээс ижийд минь, “Эрдэнэ хүү чинь алс хол явах байна шүү” гэж зөн совин өгсөн хэрэг үү гэж дотроо бодож, санаа зовсон байдалтай, 
-Ижийгийн зүүдэнд орсон мангас мэт хоёр хүний ухаан нь айхавтар. Тархинд нь хий үзэгдэл шингэсэн, ижий таны хэлдэг коммуны онолыг зохиосон Маркс, Ленин нартай нэлээд төсөөтэй юм байна. Очиж очиж Маркс Ленин хоёр таны зүүдэнд ордог тун сонин юм даа. Ижий минь, та хүүгийнхээ төлөө санаа зоволтгүй ээ. Мөнх хөх тэнгэртээ үргэлж хүүгээ бодож залбирч даатгасны ачаар, хүү чинь ямагт хийморьтой явж ирлээ шүү дээ гэж хэлээд, ижийнхээ хүзүүнээс тэвэрч тайвшруулав. Тэр бол эх хүү хоёрын сүүлчийн уулзалт, сүүлчийн удаа тэгж тэвэрснийг ээж бид хоёрын хэн хэн нь мэдээгүй нь харамсалтай. Хэд хоногийн өмнө бодон бодон байж ижийдээ зориулж бичсэн шүлгээ цамцныхаа дээд талын халааснаас гаргаж, уншиж өглөө.

Хайрт ижий минь, та
Хөх тэнгэртээ сүсэглэн залбирсаар 
Хонгорхон үр намайгаа
Хан хорвоод хүүгээ болгон төрүүлсэн билээ. 
Солонгорон харагдах үзэсгэлэнт энэ хорвоод 
Зостын голын усаар хүүгээ ундаалж 
Зулайг нь илж, зоргоор минь өсгөсөн билээ, та 
Пэйлүү сүмийн лам нараар судар ном уншуулан байж Сүлд, хийморь, оюуныг минь сэргээсэн билээ, та 
Ачлалт ижийнхээ үрдээ зориулсан Агуу их хайр, энэрлийг тан 
Нойргүй тэвчсэн олон шөнийг тан 
Эверестийн мөнх цаст оргилтой зүйрлэн 
Эрх танхил хүү чинь зүрх сэтгэлдээ бодож явъя.
Хайрт ижий минь та, 
Английн Кембрижийн Их Сургуулийн босгыг алхаагүй ч 
Амьдралын ухаанаараа докторуудаас нь ч илүү билээ.
Ижий таныг минь баярлуулах увидас байдагсан бол 
Хүү чинь би, бэрхшээж ер халширалгүй Тэнгэрийн зах, газрын холоос ч
Тэнүүчлэн явж, тэр их аз жаргалыг 
Хайрт ижий тандаа олж өгөх юмсан. 
Хүү нь хэдий бага залуу ч 
Хэнхдэг цээжинд нь эрх чөлөөний бамбар асна Бие, оюун нь боловсорч гүйцээгүй ч 
Хөх тэнгэрийн Монгол орон, Чингис хааныг мөрөөднө

Ижий минь, та хүүгээ санах бүрдээ Эрдэнэ хүүгийнхээ бичсэн шүлгийг хүнээр уншуулж байгаарай гэж хэлээд ижийнхээ гарт атгууллаа. 
-Миний Эрдэнэ хүү шүлэг зохиол бичдэг болсонд ижий нь их баярлаж байгаа. Хүүгийнхээ бичсэн шүлгийг орныхоо толгойд өлгөнө өө. Ижий нь уншиж чадахгүй ч хүүгийнхээ бичсэн шүлгийг хадгалж явъя гэж хэллээ. 
Ижийнхээ бэлдсэн амттай сайхан хуушуурыг цадтал идээд, галт тэргэний буудал дээр дараалал хүлээгээд зогсож буй хоёр найздаа тус бүр гурвыг цаасанд боож авлаа. 
-Баяртай гэж хэлээд гэрээс гарах тэр мөчид, ижий минь гэрийнхээ шаахайг ч сольж амжилгүй сандран араас дагаж гарч ирэхийг нь хараад туйлын их өрөвдөж, тэвэрч аваад уйлмаар санагдсан ч сэтгэлийг нь үймрүүлэхээс болгоомжилж нулимсаа барьж ядаж явж билээ. 
Тэрхэн зуур арван настайдаа худагт унахад ижий минь хөл нүцгэн шахам сандран гүйж ирсэн тэр мөч өөрийн эрхгүй санаанд орлоо. Эх хүний үрээ гэсэн нандин сэтгэлийг өөр юутай ч жишиж зүйлэх аргагүй юм даа. Ижий миний гараас хөтөлж, цагдан сэргийлэхийн хашаан дундуур явж байх зуураа, 
-Хүү минь том болжээ. Одоо хол явж, юм үзнэ. Нүд тайлж, олон аавын хүүхдүүдтэй танилцана. Миний хүү хүнтэй ямагт эвтэй найртай явдаг юм шүү. Хүнд муу санаж, хэрүүл зодоон хийж огт болохгүй. Найз нөхөддөө дэм тус болж явахыг хичээгээрэй гэж байн байн хэлэх нь сэтгэл нь тун их зовж байгааг илтгэнэ. 
Ижий минь намайг хэрмэн хашааны гол хаалган дээрхи цагдаагийн бүхээг хүртэл хүргэж өгөөд, духан дээр минь үнсэв. Нулимсаа арчин арчин гараараа далласаар тоост замын дунд торойсоор үлдсэн ижийн минь тэр дүр зураг хаа явсан ч сэтгэлийн гүнд үүрд мөнхрөн хоцорсон юм. Голт зүрхнийхээ угт намайг л гэж явсан ижийнхээ сайхан дүрийг эрээн бараан холилдсон энэ хорвоогийн баяр жаргалтай, зовлон гунигтайд аль ч үед зүрх сэтгэлдээ нандигнан санаж, сэтгэлээ баясгах цагтаа баясгаж, хатуужуулах цагтаа хатуужуулж явдаг юм даа, би.

Brak komentarzy:

Польш

Etykiety

1975 1976 1977 3 maja Adiya Ganbaatar Ambasador Mongolii Ambassador archeologia Ardente Sole ASEM baabar Balet Dworski barsbold Boże Narodzenia concert deklaracja documents Dzień Flagi Dzień mongolski Dzień Niepodległości expo-2022 fb festiwal Film dokumentlny forum Frédéric Chopin Fundacja dla Zdrowia historia Katyń konferencja Kraków Krzysztof Zanussi Kultura Latvia Lech Wałęsa Legnica Legnickie Pole Łódź Michał Łabenda Ministry for Foreign Affairs music Narodowe Święto Niepodległości Ossendowski Polish Lessons Pomnik prasa Premier Beata Szydło Prezydent RP Sąd Arbitrażowy słownik Słuchacz studiów podyplomowych smolensk sport spotkanie sylwester Syndicate talk T.Otgonbayar Tajemnica twierdzy szyfrów the Independence day of Mongolia - 12.29 turyst tv UEFA Ulaanbaatar International Film Festival visa wideo Wielkanoc Województwo wielkopolskie Айлчлал ардын ур­ла­г Аялал Аялгуут солир Б.Ерэнтэй Б.Лхагважав Б.Магванжав баабар бага хурал баримт бичиг Бархасын ДОРЖ Бат хаан Бизнес Д.Баттөмөр Ерөнхий сайд Кино МонПол клуб Музей мэдээ Наадам намтар Ном О.Дарамбазар О.Эрдэнэцогт Оюутан Өдөрлөг П.Алтанцэцэг С.Хөдөлмөр Соёл Т.Отгонбаяр Түүх Урлаг Уулзалт үзэсгэлэн Хэвлэл Чухалхүү шагнал Шинжлэх ухаан Эдийн засаг