piątek, 8 stycznia 2016

Б.Лхагважав: Польш бол миний лаборатори

Бид та бүхэнтэй Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч, Ноён Б.Лхагважавыг уулзуулахаар сонголоо.
-Ямар зочин урих вэ гэж сошиалийн тодорхой хэсгээс би асуусан юм. Тэгээд танхимын дарга Лхагважав гэж залуучууд надад санал болгосны дагуу таны өрөөнд ирээд сууж байна. Таныг манай нийгэм сайн мэднэ. Та шинэ хүн биш. Гэхдээ бид анх удаа уулзаж байна. Ам нээвэл уушги нээ гэдэг. Өмнө нь таны тухай хэд хэдэн бодлууд орж ирдэг байлаа.
-Тийм үү. Ямар бодлууд орж ирдэг байсан нь сонин байна.

-Энэ нөхөр цагийг ямар сонин өнгөрүүлдөг юм бэ. Гайгүй тархитай нөхдүүдийн ихэнх нь л улс төр лүү орчихсон явах. Аль хэдийн тэнд нь очоод самралцаж явахаар төвшний хүн харагдах юм. Тэгсэн мөртлөө нийгмийн сайн сайхны төлөө энэ тэнд үгээ хэлчихнэ. Заримдаа гарч ирээд тэмцэл ч хийнэ. Тэгээд явж байснаа Худалдаа аж үйлдвэрийн танхимд “ирээд” суучих юм. Энэ уйтгартай газар юу хийж, яах гэж байгаа юм бол.
-(инээв).
-Нэг харахад урлагийн орчинд нэлээн гүн хөл тавьсан, хөгжмийнхөн, уран зургийнхан, яруу найрагчидтай их ойр харагддаг. Энэ нөхөр ер нь юу хийгээд яваад байдаг юм бол гэх мэт. Та нээрээ ямар олон талтай хүн бэ?
-Юуны өмнө намайг зочноор хүндэтгэн урьсанд баярлаж байна. Аливаа шинэ брэнд гэдэг бол бас их тэмцлийн үр дүнд гарч ирдэг. Ялангуяа зах зээл нь тогтчихсон салбар луу орж ирэхэд. Та хэд нэлээн хүч түрэн орж ирсэн. Ярианыхаа эхэнд “Open door” сонин болон “Ner.mn” сайтын хамт олонд амжилт хүсье. Миний бие МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн албыг аваад жил болж байна. Ер нь танхимтай бол нэлээн дээхнээс холбоотой ажиллаж байсан л даа. Танхимын үндсэн үүрэг ерөөсөө л аж ахуйн нэгж, байгууллагуудаас худалдаа, үйлдвэрлэл эрхлэхтэй холбогдсон нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, худалдаа, үйлдвэрлэлийг дэмжих зорилготой л байгууллага шүү дээ. 1802 онд анх Европын танхим бий болж байсан бол АНУ-д 1914 онд байгуулагдсан байдаг. Монголд байгуулагдаад 55 жил болж байна. Социализмын үед , 1960 онд байгуулагдсан байгууллага шүү дээ.
-Ерэн оноос хойш байгуулагдсан шинэ газар гэж ойлгодог байсан.
-Тухайн үед хэдий социалист нийгэм ч гэсэн бас худалдааны харилцаанд орно шүү дээ. Худалдаагүй юм дэлхий дээр хаана ч байдаггүй. Энэ бол жам ёсны асуудал. Түүнд орохын тулд заавал ч үгүй танхимд орох ёстой юм байна. Гарал үүслийн гэрчилгээ гэж байх ёстой юм байна гээд. Тухайн үед худалдаанд түшиглэж Худалдааны яамны хажууд байгуулагдаад явсаар 1996 онд өөрийн хуультай болсон. Өөрийн хуультай гуравхан төрийн бус байгууллага байгаа шүү дээ. Тэрний нэг. Тухайн үед 1997 онд С.Дэмбэрэл дарга сонгогдоод 16 жил болоод сая албаа өгсөн. Бид чөлөөт зах зээлийн харилцаа руу ороод 25 жил болж байна. Өнөөдөр Төр, хувийн хэвшил хоёр маань зарим талаар ана мана зодолдож байна. Зарим талаараа хамтарч байна. Ер нь бол манай байгууллага өөрөө консерватив байгууллага. Дэлхийн хаана ч танхим ийм л байдаг.
-Төрөөс төсөв, цалин авдаггүй биз дээ?
-Үгүй ээ, үгүй. Манайх 138 хүнтэй. Ямар ч яамнаас том байгууллага шүү дээ. С.Дэмбэрэл даргын бий болгосон юм бол энэ айлыг институцийн хэмжээнд бойжуулсан явдал. 138 хүнтэй, гурван тэрбумын эргэлттэй, өөрсдийнх нь үйлчилгээний зардлаар орлогоо олдог байгууллага. Төсвөөс мөнгө авахгүй. Хуулиар олгогдсон эрхүүд байгаа. Үйлчилгээгээ манайхаар дамжуулж авна. Гарал үүслийн гэрчилгээ, кодын систем ч гэдэг юм уу. Тэдгээрийн үйлчилгээг аваад бизнесийнхээ төлбөрийг төлнө. Гишүүд нь төлбөрөө төлнө.
-Манай компаниуд бас танхимдаа татвар төлдөг үү?
-Гишүүд дөрвөн янзын татвар төлнө. 300 мянгаас 1,2 сая хүртэлх. Ер нь бол үйлчилгээ аваад түүнийхээ төлбөрийг л хийж байна гэсэн үг.
-Одооны компаниудад танхимын гишүүн байх сонирхол хэр байдаг вэ?
-3200 гишүүн байдаг. Ерөнхийдөө гишүүндээ үйлчлэхээс гадна нийтэд үйлчлэх статустай байгууллага.
-Та нэлээн хүчтэй залуу хүмүүстэй өрсөлдөх шиг болсон?
-Тэгсэн.
-Жараад оныхон маань улс төрд ч, ер нь хаана ч зайгаа тавьж өгөхгүй юм даа. Залуучуудад бололцоо олгохгүй, С.Дэмбэрэлтэйгээ хайрцаглаж байгаад танхимын удирдлагыг авчихлаа гэх шүүмжлэл явсан.
-Би ганцхан өгүүлбэр л хэлсэн. Танхим эдийн засагтай холбоотой 12 заалтыг л ягштал биелүүлэх болно. Өөр юм байхгүй. Тэгээд дараа нь нэг амлалт авсан. Ерөнхийлөгч болчихоод. Надтай өрсөлдсөн тэр залуу бол JCI байгууллагаар дамжсан, миний байгуулсан капиталаар дамжсан хүн. Гэхдээ яг өрсөлдөөнд орохдоо тэр залуу маань хуралд жаахан идэвхгүй оролцсон л доо. Гэхдээ өрсөлдөөн болсон, санасан бодсон юм бие биедээ байхгүй.
-Хувийн хэвшлийн топ гэгддэг хэсгийнхний заримтай нь би бас уулзаж ярилцдаг юм. Жишээлбэл, Петровис группийн ерөнхийлөгч, хатагтай Ж.Оюунгэрэл ярихдаа “Танхим унтаж байна. Улс орны эдийн засагтай холбоотой шийдвэрүүдэд хүчтэй лобби явуулж чаддаг, нөлөөлдөг, дуу хоолойг нь сонсдог байгууллага байх ёстой. Маш том засаглал байх хэмжээний байгууллага ийм байдалтай байгаад их харамсдаг” гэж хэлж байсан.
-Тэгэлгүй яахав. Би ч гэсэн өөрөө тэгж хашгирсаар байгаад орж ирсэн хүн шүү дээ. Төрийн өмнө бол ямар ч бизнесмэн хүч мөхөсддөг. Нэгдсэн мөнгө гэдэг асар их хүч байдаг байхгүй юу. Төсвийн долоон их наяд, нэгдсэн төсвийн нийт 21 их наяд Монголбанкаар дамжуулаад гаргах гэж байна шүү дээ. Энд нэг бизнесмэний хөрөнгө үнэхээр юу ч биш далайд дусал шиг л юм байдаг юм. Харин үүний эсрэг цацсан будаа шиг бидний хэсэг хүмүүс нэгдэж, том хүч болох нь энэ танхим юм. Ж.Оюунгэрэл захирлын хэлдэг үнэн. Энэ байгууллага чинь бас тусдаа дүрэм журамтай. Жишээ нь, би дотоод ажилд оролцох хориотой шүү дээ. Оюунчимэг дарга 138 хүнээ авч явж байгаа. Би бол гадаад, дотоодод төлөөлөх эрхтэй. Би хоёрхон ажил хийнэ гэж л зүтгэж байна. Нэгдүгээрт, Эдийн засгийн өршөөлийн хууль, Эдийн засгийн ил тод байдлын хуулийг батлуулна. Тэгээд манай бүх компаниудын санхүүг шинээр эхэлнэ. Шинээр бүртгэнэ. Тэгж байж манайд юм голдиролдоо орно. Нөгөө талаас танхимын байртай холбоотой нэг асуудал байна. Одоо ч гэсэн Төрийн өмчийн хороон дээр байгаа л даа. Уг нь олон улсын гэрээ хэлцлийн дагуу манай танхимд бэлэглэсэн бэлэг байхгүй юу. Тэгтэл сая доллараас илүү хөрөнгийг төрийн өмчийн хороо бүртгэдэг гэдгээр нь 2008 онд бүртгээд авчихсан юм билээ. Энэ асуудлыг шийднэ . Аль алиныг нь шийдвэрлэхээр ажиллаж байна. Мэдээж бид бизнесийн орчноо хамгаалахын төлөө ажилладаг. Манай бизнесменүүд нэг цэг дээрээ төвлөрөхгүй явсаар дандаа чадуулсаар байгаад дуусдаг. Ил тодын хуулийг хэлэлцэж байх явцыг та хараа биз дээ. Манай байгаа байдал тэр л байхгүй юу.
-Өнгөрсөн намар тариаланчид маань яамтайгаа, сайдтайгаа үл ойлголцоод баахан тэмцлээ. Энэ бол бизнест байгаа зовлон. Төр бол яахав татвараа авах болохоороо номхон зогсоож байгаад авдаг. Хэчнээн хүнд байсан ч ташуурдаж байгаа л татвараа авдаг. Ийм л хатуу харилцаа явж ирлээ.
-Үнэн.
-Хувийн хэвшлээ хайрлах хайр, тэр соёл том утгаараа манай нийгэмд тогтоогүй байна. Үүний төлөө юу хийх вэ. Та нар бодлогодоо шинээр юуг тусгасан бэ. Шүүх дээр бизнесийн маргаан маш их ирж байна. Та миний нийтлэлүүдийг уншдаг бол би сүүлийн хэдэн сар дандаа ийм хэргүүд дээр ажиллалаа?
-Ер нь бизнесийн орчин бүх л хүнд сорилтууд дундуур явж байна. Намайг сонгосон нэг шалтгаан бол би 2005 оноос хойш татварын системийг ярьж яваа. 2005 онд Татварын газрын даргатай телевизэд халз ярилцлагад ороод нэмэгдсэн өртгийн татварыг буруу бүртгэлээр авч байна. Нягтлан бодох бүртгэлтэй холилдоод буруу болчихлоо. Энэ чинь буцаагаад Монголын бизнесменүүдийг бүгдийг нь шоронд явуулах нь ээ гээд үзэлцэж л явсан. Миний анхны нийгэмд гарч ирж хөндсөн сэдэв бол татварын систем. Тэгээд энэ татварын систем, онол, татварын хуулиудыг буруу хэрэглэх юм бол ерөөсөө баялаг бүтээдэггүй юм аа. Баялаг бүтээсэн хүнд ганцхан хаалга харагдаж байгаа нь шоронгийн хаалга. Өөр юу ч байхгүй. Аль эсвэл улсаараа бүр мөсөн ядуу болно. Тэр хүнд нэр хүнд алдар гавьяа юу ч алга. Ядаж эрүүгийн хуулийн 166-гаа солиочээ. Одоо бол арван мянган долларт л таван жил шоронд явах гээд байгаа шүү дээ. Бизнес гэдэг бол зүгээр мөнгө нь илүүдээд л, илүү мөнгөөрөө хүүхэд тоглуулж байгаатай адилхан зүйл огт биш. Энэ чинь нэг хүний 10-20 жилийн идэвхтэй амьдралыг сорж байж өндийдөг зүйл шүү дээ. Өнөөх жаахан хөрөнгийг нь ч сордог. Мэдлэгийг нь ч сордог. Маш харгис. Хүн зах зээлд 20 жил оршин тогтнолоо гэж ерөөсөө хэлж чаддаггүй. Яагаад гэвэл өрсөлдөөн секунд тутамд тэр хүний хойноос элдэж байдаг байхгүй юу. Гайгүй болоод тогтлоо гэхэд шинэ технологи, менежмент гарч ирээд л, тэр хүний урд нь хийж байсан зүйл юу ч үгүй гишгэгдээд л явдаг байхгүй юу. Гэтэл үүнийг төр юугаар дэмжих вэ гэхээр гаргасан тэр татварын хуулиуд нь ядаж баялаг бүтээсэн хүндээ үлдэцтэй, өгөөмөр баймаар байна. Ядаж шоронд оруулахгүй зохицуулалтууд хийж өгмөөр байна. 2005 онд нэмэгдсэн өртгийн албан татварын гажгийг анх Үндсэн хуулийн Цэцэд өгөөд гарч ирэхэд иргэд бараг тэр НӨАТ гэсэн үсгийг нэг нэгээрээ ямар үгийн тайлал болохыг ч мэддэггүй байсан. Гэтэл өнөөдөр бүгд НӨАТ гэдэг юмны зовлонд уначихсан байж байна. Манайхан капитал уншаагүйгээр социализм байгуулах гээд явчихсан, тэрний тусгал нь 70 жил үргэлжилсэн. Яг тийм юм явчихсан байхгүй юу. НӨАТ-ынхаа мөн чанарыг судлаагүй байж хэрэгжүүлээд явчихсан. Үр дүнд нь өнөөдөр Монголын компаниуд томорч чадаагүй. Тэгээд дараагийн капиталист нийгэмд бид орж ирэхдээ капиталист нийгмийн татварын онолыг чирж орж ирж чадаагүй. Чирээд оруулаад ирсэн бол өнөөдөр баялаг бүтээгч нар ингээд шоронд явах уу, авлига өгөх үү, эсвэл төртэй нийлж байж нэг юм бизнесээ хамгаалж үлдэх арга зам руу орохгүй байх байсан. Нөгөө талаас манайд өмч дагаж эдийн засаг эргэлддэг. Энэ бол ерөөсөө л сонгодог хууль. Анх 1990-ээд онд хувийн өмчтэй болж эхэлсэн. Дараа нь 90-ээд оны дунд үеэс жаахан хөрөнгө хуримтлагдах үед мал, байшингаа авсан. 2000 оноос гэнэт юу болсон бэ гэхээр эдийн засаг чөлөөт зах зээлийн буянд жаахан сэхээд эхэлсэн. Төсөвт мөнгө хуримлагдаад эхэлсэн. Төсөв гэдэг тэр мөнгөний сан руу орох бололцоо гарч ирсэн. Тэр сангаас хулгайлдаг этгээдүүд гарч ирсэн. Тийм ч учраас 2005 оны Татварын ерөнхий газар гэдэг бол Авилгатай тэмцэх газраас ч хүчтэй байгууллага байсан шүү дээ. Бүгд айдаг чичирдэг. Бараг нэг хүнээс. Одоо арай л гайгүй болсон. Дараагийн том өмч бол бид нар үүцээ задлана гэдэг шиг газрын хэвлийн баялгаа задалж эхэлсэн. Энэ баялаг бол төрийн эрх мэдлээр дамжуулаад түр зуурын эзэмшилд авдаг нэг том өмч. Энэ өмч рүү бүгд хошуурсан. Энэ өмч одоо ч манай эдийн засгийг гол хөдөлгөж байгаа хүч. Гэхдээ төрийн энэ өмчийг бид өнөөдөр хүртэл хуульчлаагүй байгаа. Зөвхөн эрх мэдлээр авч оршин тогтнодог. Тэрэн дээр оршин тогтнодог нөхдүүд нь буцаагаад тэндээс авсан илүү капиталаараа бусад зах зээлээ эвдэх процесс явагдаж байгаа. Тийм учраас төрийн өмчийн хуулийг өнөөдрийг хүртэл гаргаагүй нь ямар нүгэл хурааж байна вэ гэвэл буцаагаад тэр өмчийг ашиглаад капиталтай болсон улсууд бусад зах зээл рүүгээ орох юм уу тэрийг эвдэх юм уу гэдэг асуудалд төр хяналт тавьж чадаагүй. Хамгийн том өмчөө хуульчлаагүй учраас нэн аюултай үзэгдэл бий болсон. Төрийн өмч, газрын хэвлийн баялгийг өөртөө эзэмшээд эрх мэдэл олж аваад, тэндээсээ баялаг бүтээж байгаа улсууд байна. Тэр улсууд дараагийн команд гараад ирэх үед юмаа өгчихөөд явчихдаг байсан. Гэтэл сүүлдээ нөгөө улсууд маань өгөхөө байсан. Би эрх мэдэлд байж байх үедээ энэ асар их капиталаа ашиглаад, дээр нь төрийн институти ашиглаад өөрөө ер нь мөнхөд суух оролдлого хийе гээд хийгээд эхэлсэн. Энэ оролдлогодоо хамгийн түрүүнд хэнийг ашиглаж байна вэ гэвэл хүчний байгууллагуудыг ашиглаж байгаа. ЦЕГ, АТГ, ТЕГ-т хүмүүсээ байршуулах замаар буцаагаад төрийг төрийн өөрийнх нь өмчийн олсон ашгаар дамжуулж эзэгнэх байдал бий болчихоод байж байна шүү дээ. Энэ эзэгнэл өнөөдөр бидэнтэй яг нүүр тулчихсан. Цэвэгжав гуайн зурсан “Азарганы зодоон” шиг том том нөхдүүд хоёр талаас тулчихаад байж байна. Энэ хоёр нурвал хоёулаа нурна. Би хувьдаа энэ талын өнцгөөс хардагийн хувьд хоёулаа битгий зодолдоосой л гэж боддог. Хувь заяаны эрхээр Ажнайн Д.Бат-Эрдэнэтэй “Монгол 999” байгуулж бизнесээр явж үзлээ. С.Батболдтой ч зөвлөхийг нь хийж санхүүгийн реформ хийх гэж оролдлоо. Бас Женко Х.Баттулгатай Үндэсний соёлын хөдөлгөөн байгуулалцаад тэргүүнээр нь явж байлаа. Энэ нөхдүүдтэй яагаад ч юм бүгдтэй нь тухайн үед холбоотой ажиллаж байсан. Эд нарыг харж байхад ерөөсөө л том бүтээн байгуулалтаар дэлхийн зах зээлд гарах тэмүүлэлтэй байдаг юм билээ. Газрын хэвлийн баялаг дагасан том бизнес шүү дээ. Тэдэнд маш том тэмүүлэл байдаг. Гэхдээ хоорондоо яагаад ч юм эвлэлддэггүй. 1910 онд АНУ-д нэг том монополь хууль гарч байлаа л даа. Тэрний дараа Америкийн хэдэн хөрөнгөтнүүд нь хоорондоо зодолдоод үндэсний баялаг нь үнс болох гэж байсан байхгүй юу. Тийм учраас болдог бол дэлхийд бяраа үзье гэж бодож байгаа улсуудад эрхийг нь өгөөд, Засгийн газар нь баталгаа гаргаж өгөөд, чиглэл чиглэлээр нь зах зээлд нь гаргаад өгчих хэрэгтэй. Таван баянд нь өгөөд таван жилийн хугацаатай та бүхэн үхэх сэхэхээ үз. Сэхээд явбал сайн л биз гээд.
-Ерөнхий сайд миний ярилцлагад орохдоо яг таных шиг үг хэлсэн л дээ. Зэсээ авах нь аваад, төмөр замаа нэг нь аваад яв гэж. Тэгэхээр нөгөө талдаа бусад нь адилхан 25 жил явсан уу, явсан. Адилхан түрсэн үү, түрсэн. Адилхан хөдөлмөрлөсөн, адилхан татвараа улсдаа төлсөн. Яагаад заавал энэ хэдэн “дурак” Монголын баялгийг хувааж аваад, Монголыг төлөөлөөд, Төрөөрөө тэтгүүлээд явах ёстой юм бэ гэсэн уур хилэн байгаа. Манай төр бас нэг хэсгийг нь хэт элгэндээ тэвэрч явсан. Нөгөө хэсгийг нь хаяж явсан түүхтэй. Зарим нь төрийн тусламжтайгаар том том тендерүүд аваад том том мөнгө хийсэн үү гэвэл хийсэн. Тэглээ гээд эд нарыгаа одоо дэвсээд унагалтай нь биш. Тэгж болохгүй. Гэхдээ нөгөө адилхан 25 жил туулалцсан хэсгээ яах юм бэ?
-Тэгэхээр ийм л дээ 25 жилийн өмнө бид нар нэг гараанаас эхэлсэн. Өмчийн хувьд бүгд нойл гэж үзэж болно. Энэ хугацаанд янз бүрийн маягаар хөрөнгө цуглуулсан хүмүүс байгаа. Эд нарын гол шалгуур нь одоо өнөөдөр хөрөнгөтэй болсон хүмүүсийг харахаар мал хувьчилж аваагүй, байр хувьчилж аваагүй бараг 1997, 98 оны тендерт оролцоогүй шиг харагддаг. Энэ үнэн. Гэтэл одоо өөрсдийнхөө оюун ухааны чадамжаар дараагийн зах зээлийг шинжлэх ухааны үндэстэйгээр номыг нь сураад дэлхийн хэмжээний судалгаа хийж байгаад орж ирж байгаа тэр бизнесменүүд гарч ирж байна. Тэдэнд бүх юм шударга бус харагдаж байгаа. Ний нуугүй хэлэхэд зах зээлийн өрсөлдөөн гэдэг чинь өөрөө энэ. Үндэсний бөхөд гэхэд арван хэдэн л аварга байдаг биз дээ. Арван хэдүүлээ Улсын баяр наадмаар зодоглоод л гардаг, нэг нь л түрүүлдэг. Зах зээл бол яг л тэр хуулиар явдаг. Гэхдээ үүнд хамгийн чухал нь төр гадагшаа том өрсөлдөөнд тоглуулах эздээ тодорхой болгоо. Яагаад энэ хэдэн баячууд манайд хэрэгтэй вэ гэвэл өвөг дээдсийн үлдээсэн жаахан баялгаараа бид дэлхийн хэмжээнд гарна. Дэлхийн тэрбумтантай ярьдаг тэрбумтныг одоо л бид нар 25 жил байлдаж байж төрүүлж байна шүү дээ. Дэлхийн менежментийг ярьдаг хүнтэй байна гэдэг нь өөрөө Монголыг төлөөлж байгаа юм. Би яагаад тэр таван залууг бүгдийг нь хайрлаад байгааг та мэдэрч байгаа байх. Би тэд нартай хоол ч хувааж идэж байгаагүй. Гэтэл яг өнөөдөр дэлхий дээр очоод үзэхэд энэ таван залуу хэрэв яг өөр өөрсдийнхөө чиглэлээр очоод ярих юм бол яг цаанаа капиталист нийгмийн харгис нөхдүүд сууж байгаа шүү дээ. Ерөөсөө хүнийг юу ч үгүй болтол сордог, өөрөө хэд дахин ашиг олоод ард нь сууж байдаг тийм эрх мэдэлтнүүд л байгаа. Монголчуудыг нэгтгэж чадаж байгаа нь урдаа туг барьж явах ёстой. Энэ чинь бас 25 жилд бий болсон үнэт зүйл байхгүй юу даа. Тийм учраас тэд нь тэр том юмаа хий гээд байгаа юм. Таны хэлдгээр жижиг зах зээл рүү оруулах уу, үгүй юу гэдэг нь яах аргагүй төрийн зохицуулалт шаардагдаж байгаа цоорхой . Гэхдээ стандарт оруулж ирж байгаа нөхдүүдээ бусад нь баалж болохгүй. Одоо АСЕМ-ын хурал болох гэж байгаа гээд 45 зочид буудлыг хариуцаад явж байна. Энэ чинь асар их өрсөлдөөн дунд явагдаж байгаа ажил шүү дээ. Шангрилла энд бий болсноороо 45 компанид шууд бололцоо бий болгосон. Тэнд дандаа монголчууд ажиллаж байна. Тэгээд бэлэн стандарт шинэ технологиос айгаад байх юм бол бид юу хийж бүтээж чадах юм. Тийм биз дээ.
-“Азарганы зодоон” зургаар та иш татаж ярилаа. Би бас танхимын ерөнхийлөгчтэй уулзсан юм чинь бизнесийн орчинд болсон зарим үйл явдлыг асууя гэж бодож байна. Манайхан хамтарч эхлүүлээд л салчих юм. “Бодь” гэдэг пирамид нурвал бид л хохирно. 20 жил яваад сална гэдэг бол хүнд үйл явдал. “Моннис” групп “Аэро монголиа” хоёр сайхан нэгдээд явах нь уу гэтэл бас болсонгүй. Бид хамтарч чадахгүй юм. Үүнийг та яаж хардаг вэ?
 -Би нүүдэлчнээс эхлээд ярья. “Өвгөн шувуу” гэж сайхан дуу байдаг даа. Яг 32 бадгаар нь дуулуулж чадах юм бол үнэхээр гайхалтай дуу. Энэ дууны 25 дахь мөрний түрлэг дээр “Омогшин бардамнахыг хүлцэн тэвчиж, ойр холхоноор нийцэн зэрэгцүүлбэл, нуур амар нугас амгалан нутаг дэлгэрээс дэлгэр болдог юм шүү дээ. Жигүүртэн олон шувууд минь ээ” л гэж байгаа. Энэ бол миний философи. Миний өвөө сайхан дуулдаг хүн байсан. Саяын 25 дугаар бадагт миний бизнесийн философи байдаг юм. Орчин үеийн бизнесийн философи ч яг адилхан шүү дээ. Гэрээ контрактыг хэн хэн нь хожихоор хийж чадах юм бол тэр гэрээ хэлэлцээр удаан настай байдаг. Нэгийгээ хожихын тулд хийсэн гэрээ бол дандаа хоёулаа мөхдөг байхгүй юу. Яг нарийндаа өмчтэй болоод 25- хан жил болсон. Өмчтэй харилцах сэтгэлгээг алтан загасны үлгэрээр зүйрлэх юм бол эвдэрхий тэвшээ эвдрээгүйгээр сольсонтой адил. Зарим нь тэвшээ байшингаар солих гэж оролддог. Зарим нь байшингаа бий болгочихоод эрх мэдэл рүү явж байна. Гэтэл хүн өмчтэй болоод өмч нь томрохыг даадаггүй тийм сэтгэлгээний гажуудал бидэнд илрээд байгаа юм аа. Нөгөө талаас бид нар юмыг дэндүү давчуу, жоохноор харж байна.
-Жишээ нь, банк бол маш эмзэг бизнес. Банкаар хэвлэл мэдээлэл шуураад л оролдвол бид нийгмээ самрахын цондон. Гэтэл банк маань эргээд улам хаалттай, аюултай айлууд болж хувирлаа. Харилцагчдынхаа барьцаанд тавьсан эд хөрөнгийг хуйвалдаж зардаг мангасууд болчихоод байна. Банк улс төр лүү ч, хэвлэл мэдээлэл рүү ч асар их буруу хөрөнгө оруулалт хийдэг. Банкууд бүгд медиа компаниудтай болчихсон. Энэ эвгүй салхи танд мэдрэгдэж байна уу?
 -Бизмесменүүдийн гол тавьдаг шүүмжлэл нь бид банкны хүүндээ дарлуулаад дуусчихлаа гэдэг. Барилга ид хүчтэй байх үед банк болгон үүдэнд нь очиж сөгдөж суугаад энэ гэрээг хийгээд өгөөч, зээл өгье гэж гүйчихээд, жаахан хямарсан үед ядаж хугацаагаа сунгаад өгчихгүй юм гэдэг. Банкны салбарт нийт таван их наяд төгрөгийн бэлэн мөнгө эргэлдэж байна. Монголд нийтдээ 21 их наяд төгрөг байна. Иргэдийн хадгаламж 6-7 их наяд төгрөг. Гэтэл иргэдийн итгэл дээр бий болж хуримтлагдсан мөнгийг зөв зарцуулах асуудал байна. Үүн дээр зөв тоглох эсэх нь тухайн банкнуудыг удирдаж байгаа хүмүүсийн мэдлэг чадвар, цар хүрээгээс шалтгаална. Өнөөдөр банкны салбар хямралын үед хамгийн сайн ажилласан. Хамгийн сайн ашигтай байгаа. Бас манайх арилжааны 17 банктай боловч дөрөв таван банкинд бүх юм төвлөрч монополь болсон байна. Энэ дөрөв таван банкны төлөөлөл УИХ-д бүгд сууж байна. Өнөөдөр хамгийн их хүүтэй хамгийн богинохон зээлийг жижиг бизнес эрхэлдэг хүмүүс авдаг. Гэтэл банкнаас 10 саяас дээш зээл голдуу өгч байгаа харагддаг. Төр банкинд дандаа хямдхан мөнгө өгдөг.
“Үнэ тогтворжуулах хөтөлбөр” гэж 6-7 хувийн хүүтэй мөнгийг банкинд өгч байгаа. Энд яах аргагүй монополь бий болчихсон, банкныхан өөрсдөө бизнес хийж байна. Хамгийн аюултай нь банкны системээр мэдээлэл алдагдах магадлал байна. Зээл авч байгаа хүмүүс байдгаа бариад очдог. Тиймээс зах зээлийн хувиарлалтад төр оролцдог гэж үндсэн хуулинд байдаг. Төр иргэн аж ахуйн нэгжийн сайн сайхны төлөө төр оролцоно гэж. Энэ тохиолдолд байранд нь тавих л ёстой.
-Урбаник Лхагважав гэдэг байсан, таныг. Дараа нь иргэн Лхагважав, иргэний хөдөлгөөний Лхагважав, Татвар Лхагважав, одоо Танхим Лхагважав боллоо. Хүмүүс Танхим Лхагважав гэдгээс их юм хүлээж байгаа юм байна лээ?
 -Би бол 2005, 2006 оны иргэний хөдөлгөөний залуучуудыг нийгмийн захиалгаар гарч ирсэн гэж үздэг. Яагаад нийгэм ийм юм захиалах болчихов гэвэл 1990 оны залуучууд бас нийгмийн захиалгаар гарч ирсэн шүү дээ. Түүнээс нэг их өөрсдөө дангаараа ардчилсан хувьсгал хийгээд л яваад байсан юм огт байхгүй. Иргэний хөдөлгөөний гарах үндэс нь парламент, их хурал маань өөрөө амин сүнсгүй болчихсон. 2000 оноос. 2000 онд МАХН 72 суудал авсан. Л.Гүндалай гэж манай иргэний хөдөлгөөний том тэмцэгч гарч ирж 72 хүнтэй үзэж байлаа ш дээ. Дараа нь 2004 онд хувь заяаны эрхээр бүгд нийлээд 38-аас бага суудал авсан. Дараа нь эвсэл байгуулсан. 2004-2008 онд бас цөөнх байхгүй байсан. Өмнө нь цөөнх байхгүй. Дараа нь цөөнх байхгүй. 2008 онд хувь заяаны эрхээр 25 суудал авсан Ардчилсан нам цөөнх болох байтал бас олонх руугаа очоод нэгдчихсэн. Энэ юуг хэлж байна гэвэл цөөнхгүй байгаа тохиолдолд парламент амин сүнсгүй болчихдог. Парламентын болохгүй юмыг цөөнх дуугарч хэлж байдаг юм байна лээ л дээ. Гэтэл манайх 2000 оноос цөөнхгүй болчихсон. Ингээд нийгэм бухимдаж эхэлсэн. Юм үргэлж дардан сайхан байгаад байхгүй шүү дээ. Тэрийг илэрхийлэх хүч парламентад байхгүй байсан. Гэтэл ард түмний дундаас аяндаа бөөгнөрч нэгдээд жагсаж эхэлсэн. С.Ганбаатарын анхны жагсаал бол автобусны мөнгийг 200 төгрөг болгочихлоо гээд тэмцсэн. С.Ганбаатар түүнийг буцааж 100-д нь аваачих гээд тэмцэж байсан. Тэр үед бид хоёр танилцаж байлаа. Гэтэл 100-хан төгрөгийн үнэ өсөхөд яадгийн гээд тэр бухимдлыг парламент тоодоггүй байсан байхгүй юу. Ингээд л том том юм нийгэмд бугшиж эхэлсэн. Нөгөөдөх нь илэрч гарч ирж, тэсэрч чаддаггүй. 2005 оны сүүлээр авлига бол захаа алдчихсан л байсан. Бүгд өгдөг, авдаг, заримдаа тендерийн 10 хувь гээд хоч өгчихсөн нөхдүүд явдаг л байсан. Томчууд нь аалзны шүлс шиг орооцолдчихсон. Хэн нь хэнийгээ хэлэх вэ. Тэгтэл хөөрхий анх Ж.Батзандан, О.Магнай, М.Ичинноров гурав прокурорын өмнө очсон. Н.Энхбаяр загалмайлсан эцэг нь болчихжээ гээд. Тэр гурван хүн дуртайдаа очоогүй. Нийгэм авилгалаас залхчихсан, тэсвэрлэхээ байчихсан юмыг л тэд нар илэрхийлсэн байхгүй юу. Ингэж гарч ирсэн, ингэж тэмцсэн үзэгдлүүдийг л ардаа нийгмийн захиалгатай байдаг гэж би боддог. Манай үндсэн нийгэм маань ардчилсан нийгэм. Иргэнлэг ардчилсан нийгэм учраас ардчилсан нийгэмд ардчиллын эсрэг, иргэний эрх ашгийн эсрэг эргэсэн аливаа буруу юмны эсрэг үгээ хэлэх үүрэг иргэн бүхэнд байгаа. Парламент нь өөрөө парламент шиг байж чадаагүй учраас дээгүүрээ хэт их данхайдаг учир өнөөдөр ч гэсэн ялгаагүй нийгэмд байгаа зүйл нь улам бугшмал болоод л байж байна. Ядаж парламент дотроо ил байхгүй бол маргааш тэсрээд л гараад ирнэ л дээ. Тэгтээ тэргүй ядуурал нүүрлэчихсэн, 10 мянган хүн талбай дээр жагсаад л гараад ирнэ. Мэдээж түүнийг нэг хүн уриалаад явах байх л даа. Манай дарга нар асуудалд их гэнэн хандаад байдаг юм. Одоо ч гэсэн тийм үзэгдэл байгаа. 90 оны хэдэн нөхдүүд өөрсдийгөө улс төрийн томчууд гээд ойлгочихсон. Өөрсдийгөө улс төрийн ухааны хаадууд гээд ойлгочихсон. Гэтэл 25 жилийн хугацаанд шинэ улс төрийн хүмүүс бойжоод гараад ирсэн. Би иргэний хөдөлгөөний залуучуудад их хайртай. Эд нар маань цаг үеийнхээ шаардлагаар орж ирсэн хүмүүс. Тухайн үед нь заримыг нь аваад босгоод өндийлгөж байгаа намууд ч байна. Өнөөдөр эдгээр залуучуудыг хөөрхий ад үзээд л байна. Гэхдээ тэд тэмцсээр л байгаа.
-Та их сонирхолтой хүн юм. Польшид төгссөнийг тань мэднэ. Польшид суралцах нь таны хатуу зорилго байсан уу, зүгээр л оногдсон сонголт байв уу. Таны бага нас ямархуу гэр бүлд өнгөрсөн бэ. Польштой учирсан хувь заяаныхаа түүхээс ярьж өгөхгүй юу?
-Би үнэхээр азтай хүүхэд. Үнэхээр сайхан гэр бүлд төрсөн. Аав ээж хоёр маань их залуудаа гэр бүл болсон. Завханы Яруугийн улсууд л даа. 1957 онд манайх Улаанбаатарт нүүж ирсэн. Аав маань ОХУ-ын Москва хотноо холбооны инженер техникийн их сургууль төгссөн, ээж маань энд Техникийн их сургууль төгссөн. Багаасаа бие биенийгээ мэддэг, нэг голын хүүхдүүд байсан. Өвөө маань биднийг ухаан ороход хамт байсан. Сайхан үлгэр ярьж өгдөг. Орой бүр ерөөл магтаал сонсдог. Уртын дууг бол “Уяхан замбуу тивийн наран”, “Өвгөн шувуу” зэргээс авахуулаад сайхан дуулдаг хүн байлаа. Аав маань их залуугаараа бурхан болсон. Холбооны салбарын аналоги системийн хамгийн сайн мэргэжилтэн байсан. Ээж минь багш. Тийм сайхан гэр бүлд мэндэлж дээ. Социалист нийгмийн 70-80-аад он гэдэг бол үнэхээр сайхан нийгэм байсан гэж хэлж болно. Нэгдүгээр сургуульд хамгийн сайн багш нар хичээл заадаг байлаа. Тухайн үеийн гэр бүл бүх илүү гарсан хөрөнгөө хүүхдийнхээ боловсролд зарцуулдаг байсан. Би тийм үеэр дамжсандаа их азтай хүн гэж өөрийгөө боддог. Би их олон сургууль дамжсан, хамгийн сүүлд 48 дугаар сургууль төгссөн. Тухайн үед арван жилээ төгсөнгүүт Польшид хүүхэд сургана гээд. Тэгээд би явсан. Польшид очих үед тэнд анхны сонгууль болж байсан. Анхны чөлөөт худалдаа наймаанд тэнд очиж оролцож байгаа юм. Одоо бараг тэр худалдаагаар дамжаад худалдааны танхимын дарга болчихсон байгаа юм биш үү. (инээв) Эндээс математикийн ангиас яваад, очоод электроникийн анги төгссөн. 1993 онд төгсч ирэнгүүт манай энд чинь зах зээл эхэлчихсэн. Гаднаас ирсэн хүүхдийг битгий хэл эндээ байгаагаа яая гэж байна. Би чинь уул нь ШУТИС-ийн нэр дээр явж байсан юм л даа. Тэгээд ажил алба ч юу билээ л боллоо. Тэгээд л ер нь энэ Урбаникаа зараад л бизнесээ эхлүүлж байсан. Тэгээд сүүлдээ Урбаник гэдэг брэнд нэрээр овоглодог болж хувирсан. Польшоос гуравхан хүн таньдаг ш дээ, манайхан. Шопен, Урбаник, Коперник гурвыг. Тэгэхээр энэ брэндийг Монголд нутагшуулна гэдэг бол бас л миний 25 жилийн хөдөлмөр байхгүй юу. Бүх залуу нас минь шингэсэн ажил. Тэгээд намайг дагаад гарч ирсэн 20-иод компани байна. Нөөшилсөн бүтээгдэхүүн зах зээлд оруулж ирдэг. Зөвхөн Урбаник гэлтгүй бусад компаниудыг ингэж бий болгосон. Тэгээд яав, нөгөө уртын дуунд гардаг шиг хамтдаа бид зах зээл дээр ялсан байхаа. Би ялахдаа гол биш нөөшилсөн бүтээгдэхүүн хамтдаа ялсандаа гол байх. Түүгээрээ би бахархдаг юм. Энэ дэлгүүрийн лангуунд байгаа бусад бүтээгдэхүүн бид нарын өрсөлдөгч. Тэгэхлээр цөмөөрөө хамтдаа л талбайгаа томсгоё. Тэр дотроо хэн менежмент сайтай нь цааш явна биз дээ. Зах зээлд ялангуяа хүнсний юм бол чанар амтыг л барьдаг. Таны 25 жилийн өмнө идэж байсан өргөст хэмх одоо хэвээрээ байгаа байхгүй юу. Тийм учраас хүнсний зүйл их хэцүү шүү дээ. Тийм учраас их тийм мэдрэмж шаарддаг. Тэгээд яахав ээ, хэрэглэгчдээ дасгаж чадсан. Ирээд би Польшын үндсэн хуулийг орчуулж гаргалаа. Польшийн хуулиудыг би яагаад түлхүүхэн яриад байдаг вэ гэвэл Польш манайхаас 10 жилийн өмнө яваа орон байхгүй юу. Польшууд 92 онд мөн үндсэн хуулиа баталсан байдаг юм. Гэхдээ тэр үндсэн хуулиа жижиг үндсэн хууль гэдэг. 1997 онд Польшид өмнөх үндсэн хуулиа ард түмний санал асуулгаар сольсон. Яагаад гэвэл тэр нь саармаг болчихсон. Хагас коммунист, хагас капиталист болчихсон. Дээрээс нь явах гэж байгаа зам нь чангаагаад байсан учраас 1997 онд сольсон. Тэгээд мэдээллийн ил тод байдал гэх 10 хуудастай хууль бас гаргасан. Польшууд яг миний тэнд байх 1994, 95 оны үед мафийн систем рүү явчих гээд байсан юм. Одоогийн Орос гэж хэлэх юм уу даа. Мөнгөтэй улсууд нь эрх мэдэлтэй болоод эхэлсэн. Одоо манай л асуудал байхгүй юу. 2001 онд Европын холбоонд элсэх болзлыг хангаад л 2003 оноос элссэн. Тэгээд л зөв мөрөө дагаад явчихсан байхгүй юу. Тэгэхлээр тэд нарын гаргаж байгаа хууль, эрх зүйн өөрчлөлтүүд надад маш их хэрэг болдог. Америкийг би нэлээн сонирхож судалдаг. Америк 1800 оноос наашаа явж чаддаггүй байхгүй юу. Яагаад гэвэл манай одоогийн нийгэм яг тэр үеийн нийгэм. Одоо яг манайд болж байгаа бүх процесс 5-10 жилийн өмнө Польшид болчихсон байдаг юм. Улс төрд болж байгаа үйл явц нь хүртэл адилхан. Тэгээд тэр санхүү татварын систем, бизнест болж байгаа процесс нь надад шууд харагддаг. Уншигддаг. Польш бол миний лаборатори байхгүй юу. Тэнд 39 сая хүний байгуулж байгаа нийгмийн алдаа оноог би бас харах бололцоотой байхгүй юу.
-Хоёулаа таны лабораторийн тухай хоёулаа дараагийн ярилцлагаараа ярья. Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.
-Тэгье. Польшийн тухай, тэндээс “ирсэн” нөхөр Лхагважавтай урлаг, улс төр, түүхийг нь гээд яривал бидний цаг даанч нэг хүрэлцэхгүй байх шүү. (инээв)

Brak komentarzy:

Польш

Etykiety

1975 1976 1977 3 maja Adiya Ganbaatar Ambasador Mongolii Ambassador archeologia Ardente Sole ASEM baabar Balet Dworski barsbold Boże Narodzenia concert deklaracja documents Dzień Flagi Dzień mongolski Dzień Niepodległości expo-2022 fb festiwal Film dokumentlny forum Frédéric Chopin Fundacja dla Zdrowia historia Katyń konferencja Kraków Krzysztof Zanussi Kultura Latvia Lech Wałęsa Legnica Legnickie Pole Łódź Michał Łabenda Ministry for Foreign Affairs music Narodowe Święto Niepodległości Ossendowski Polish Lessons Pomnik prasa Premier Beata Szydło Prezydent RP Sąd Arbitrażowy słownik Słuchacz studiów podyplomowych smolensk sport spotkanie sylwester Syndicate talk T.Otgonbayar Tajemnica twierdzy szyfrów the Independence day of Mongolia - 12.29 turyst tv UEFA Ulaanbaatar International Film Festival visa wideo Wielkanoc Województwo wielkopolskie Айлчлал ардын ур­ла­г Аялал Аялгуут солир Б.Ерэнтэй Б.Лхагважав Б.Магванжав баабар бага хурал баримт бичиг Бархасын ДОРЖ Бат хаан Бизнес Д.Баттөмөр Ерөнхий сайд Кино МонПол клуб Музей мэдээ Наадам намтар Ном О.Дарамбазар О.Эрдэнэцогт Оюутан Өдөрлөг П.Алтанцэцэг С.Хөдөлмөр Соёл Т.Отгонбаяр Түүх Урлаг Уулзалт үзэсгэлэн Хэвлэл Чухалхүү шагнал Шинжлэх ухаан Эдийн засаг