Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 20-22-ны өдрүүдэд Бүгд
найрамдах Польш улсад айлчилж байна. Түүний энэ удаагийн томилолттой
холбогдуулан бид Польшийн талаар болон хоёр орны харилцааны асуудлаар
сурвалжилсан юм.
Дэлхийн хоёрдугаар дайны
дараагаас тэр үеийн ЗХУ-ын нөлөөнд орж, социалист дээвэрт багтсан зүүн
Европт анх Польш ардчиллыг эхлүүлсэн гэдгийг дэлхийн олон оронд хүлээн
зөвшөөрдөг. Гэхдээ зүүн Европын ардчилал хаанаас эхэлсэн бэ гэдэг
асуултад бэлгэдлийн утгаар “Берлиний хана нурснаас эхэлсэн” гэж
хариулагсдад польшууд эмзэглэдэг.
“Бидний
хүслийг харгалзахгүйгээр шууд тулгасан коммунист дэглэмд бид тавь гаруй
жил амьдарч ирсэн. Гэхдээ Польшийн ард түмэн коммунист дэглэмийг хэзээ ч
зөвшөөрч байгаагүй. Эрх чөлөөнийхөө төлөө тэмцлийг зогсолтгүйгээр
явуулж ирсэн” гэж Польшийн “Эв санааны нэгдэл” хөдөлгөөний удирдагчдын
нэг, Ерөнхийлөгч асан Лех Валенси бидэнд өгсөн ярилцлагадаа онцолсон юм.
Балтийн тэнгисийн боомт хот Гданьскийн “Ленин” хөлөг онгоцны
үйлдвэрийн ажилчид 1980 оны наймдугаар сард цахилгаанчин Лех Валенсигаар
удирдуулсан ажил хаялтыг зохион байгуулж, эцэст нь төрийн эрх
баригчидтай 21 зүйл бүхий хэлэлцээрт хүрсэн байна. Гэрээний үндсэн
нөхцөл нь ажилчид бие даасан үйлдвэрчний эвлэлд нэгдэх, ажил хаялт хийх
эрхийг хангасан бөгөөд хамгийн гол нь “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний
эвлэлийг хүлээн зөвшөөрсөн юм. Эв санааны нэгдэл буюу “Солидарность”
хөдөлгөөн нь ардчилсан хувьсгалыг удирдаж, үүний нөлөө нь ЗХУ задрах,
Балтийн орнууд, цаашлаад Монголд ардчилсан хувьсгал өрнөхөд түүхэн үүрэг
гүйцэтгэсэн гэж хүлээн зөвшөөрдөг.
“Солидарность” албан ёсоор
хүлээн зөвшөөрөгдсөн нь 1980 он боловч үүний хөрс суурь хавьгүй эрт буюу
1956 оны Познаны бослогоос эхэлсэн гэж үздэг аж. Энэхүү бослогын дараа
ЗХУ-ын коммунист намын хурлаас Польшид коммунист дэглэмийг сэргээн
тогтоох талаар хэлэлцэж, эдийн засаг болон нийгмийн зорилгыг нь
тодорхойлохын оролдож байх үед ч Польшийн удирдлагууд дотооддоо
либералчлалын бодлого явуулж байв. Хожим 1990 онд социализм задран унах
үед Польш хувийн газар, хувийн өмчийн ойлголттой, иргэд нь хувиараа аж
ахуй эрхэлдэг, бусад оронтой харьцуулахад зах зээлийн эдийн засаг хөгжих
хөрс суурь нь бэлтгэгдсэн байсан гэдэг.
Эргээд наян он руу
шилжье. “Эв санааны нэгдэл” хөдөлгөөн эрх баригчидтайгаа хэлэлцээр
байгуулсны дараахан буюу 1980 оны есдүгээр сард ЗХУ Польшийн хил дагуу
цэрэг байршуулж эхэлсэн байна. Коммунист дэглэм дотор иймэрхүү бослого,
үймээн гарвал Зөвлөлтийн улаан цэрэг орж шийдэж өгдөг түүхийг Монголоос
бусад нь, тэр дундаа зүүн Европын улсууд мах, цусаараа мэдэрч туулсан
юм. 1956 онд Унгарт, 1968 онд Чехословакт, 1979 онд Афганистанд дайрч
орсон. Харин 1981 онд Польшийн ээлж ирээд байлаа. Гэхдээ Польшийн
удирдлагууд Дайны байдлын тухай хууль гаргаж, асуудлаа “улаан армиар”
биш өөрсдөө зохицуулсан гэдэг. Өөрөөр хэлбэл, 1983 он хүртэл Дайны
хуулийг мөрдөж, хэдэн зуун хүнийг улс төрийн хоригдол болгох замаар
галыг намжаасан аж. Өөрөөр хэлбэл “Эв санааны нэгдэл” хөдөлгөөн нууц
байдалд орж, түүний олон удирдагчид баривчлагдаж, хоригдсон юм. Тэдний
нэг нь Лех Валенси.
Харин 1988 оны наймдугаар сарын 31-нд
Польшийн тэр үеийн Засгийн газар нь “Эв санааны нэгдэл” хөдөлгөөнийг де
факто хэлбэрээр хүлээн зөвшөөрч, “Дугуй ширээний уулзалт”-ыг зохион
байгуулсан бөгөөд энэхүү уулзалтаас гарсан үр дүн нь гэвэл анхны хагас
ардчилсан сонгууль юм. 1990 оны дөрөвдүгээр сард хагас нээлттэй Үндэсний
ассамблейн сонгууль болж, парламентын доод танхим сеймийн гуравны
нэгийг коммунистууд, сөрөг хүчний хоёр намын эвсэл мөн гуравны нэгийг
авсан бол дээд танхим сенатын суудлыг эв санааны нэгдлийнхэн бараг 100
хувь авчээ. Тухайн үед зүүн Герман, Унгар, Чехословакт коммунист
дэглэмийг эсэргүүцсэн бослого тэмцэл олон гарч байсан ч дарангуйлагчдын
зүгээс босогчдод буулт хийж гэрээ хэлэлцээр байгуулсан анхны ганц
тохиолдол нь Польшийн энэ үйл явдал байсан гэдгийг түүх хүлээн
зөвшөөрдөг.
Ардчиллыг “экспортолж” болдог уу?!
Дэлхийн
улс орнууд үзэл баримтлал, үнэт зүйл нэгтэй байх нь дэлхий дахины
харилцааг эерүү, зөөлөн болгоно гэдэг үзэл санааг АНУ “The ардчилал”
гэдэг ойлголттой хамт экспортолж эхэлсэн гэж би ойлгодог. Польш зүүн
Европод ардчиллыг анх ялалтад хүргэхэд АНУ-ын тусламж, нөлөө их байсан
бөгөөд үүний хариуг өөр бусад оронд ардчиллыг тогтооход туслах замаар
эргүүлэн барина гэдгээ Польшийн шинэ үеийн улстөрчид ойлгуулсаар иржээ.
Монголын
ардчилсан хувьсгалын удирдагчид өнөөдөр төрийг жолоодож байгаагаар
ардчиллынх нь амжилтыг хэмжиж болно гэсэн үнэлэмж гадаад ертөнцөд
хэдийнэ бий болжээ. “Зөвхөн Монгол Улс төв Азидаа жинхэнэ утгаараа
ардчилсан орон гэдгийг би баттай хэлж чадна. Ардчилсан сонгуульд
ялагдсан эрх баригчид засгийн эрх мэдлээ дараагийн хүчинд шууд шилжүүлэн
өгдөг. Энэ бол ардчиллын утга учир. Энэ бол Монголын нийт ард түмний
гавьяа. Танай, манай оронд ардчилсан хувьсгал хийж байхад, ардчилсан
сонгууль явуулж байхад Хятадад Тянь Ань Миний талбай дээр оюутнуудыг
танкаар дайрч байлаа шүү дээ...” гэж Польшийн Сенатын маршал Богдан
Борусевич өгүүлсэн юм. Үнэндээ ч Монголын ардчилсан хувьсгалын хувь заяа
хаашаа эргэхийг хамтдаа ажиглаж, хамтдаа “хариуцлага” хүлээх шалтгаан
Польшуудад байсан гэж болно. Учир нь, Монголын ардчилсан хувьсгалын үйл
явцад Польшийн “Эв санааны нэгдэл” хөдөлгөөн тусалж байлаа. Энэ талаарх
баримт ч, дурсамж ч хуучраагүй... Сенатын маршал Богдан Борусевич
Польшид ардчиллыг тогтоосон “Эв санааны нэгдэл” хөдөлгөөний удирдагчдын
нэг байсан бөгөөд тэрбээр дурсахдаа:
-1990
онд тухайн үеийн МАХН-ын тэргүүлэгчид Засгийн эрхээ залуучуудад
шилжүүлэхдээ энэхүү өөрчлөлт ийм өргөн цар хүрээнийх байна гэдгийг
төсөөлөө ч үгүй байх. Бид өөрсдийнхөө зүгээс Монголын сөрөг хүчинд
туслахыг хичээж, бүхэл бүтэн баг томилж явуулж байсан. Ард түмэнд дуу
хоолойгоо хүргэхээс нааш ардчилсан хувьсгал үр дүнд хүрэхгүй гэдгийг
мэдэж байсан учир хэвлэгч, хэвлэлийн техникч зэрэг хүмүүсийг Монгол руу
Монголын ардчиллыг дэмжихээр явуулж байсан. Варшав хотоос Мачей Янковски
тэргүүтэй Пётр Згарше, Гжегож Ячински зэрэг зургаан хүн Монголыг
зорьсон. Тэд ардчилсан сонгуулийн туршлагатай, хамгийн гол нь хэвлэх
болоод хэвлэмэл материал тараах үйл ажиллагаанд гаршсан хүмүүс байлаа.
Тэдний хэвлэсэн плакат, ухуулах хуудас Монголын олон газар өлгөгдсөн.
Тэд буцахдаа хэвлэх төхөөрөмжөөс гадна тэмцэл болоод сонгуулийн
туршлагаа монголчуудад өвлүүлэн үлдээсэн юм... гэж өгүүллээ. /үргэлжлэл
бий/
З.БОРГИЛМАА : The Ардчилал
Brak komentarzy:
Prześlij komentarz