poniedziałek, 21 stycznia 2013

Капитализмыг нураах амархан, байгуулах хэцүү

Дэлхий дахинд ардчилал ялах үйл явцад чухал үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн нэг Польшийн ерөнхийлөгч асан, Нобелийн энх тайвны шагналт Лех Валенсатай News агентлагийн тоймч З.Боргилмаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын өмнө уулзаж ярилцсаныг хүргэж байна. Дашрамд сануулахад БНПУ-д төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус улсын Ерөнхийлөгч асан, Нобелийн энх тайвны шагналт Лех Валенсатай өнөөдөр уулзсан талаар бид мэдээлсэн билээ.
Польшид коммунист дэглэмийг унагасан “Эв санааны нэгдэл” хөдөлгөөнийг удирдаж байсан Лех Валенса ардчилсан тогтолцоонд шилжсэний дараах анхны бүх нийтийн сонгуулиас Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Хоёр бүрэн эрхийн хугацаанд Польшийн Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан бөгөөд өдгөө өөрийн нэр бүхий санг удирдан ардчиллыг бэхжүүлэх үйлсэд зүтгэж буй. Түүний улс төрийн намтар “Эв санааны нэгдэл” хөдөлгөөний түүхэн гавьяатай салшгүй холбоотой юм. Тус хөдөлгөөнийхний тэмцэл Польшид анх 1990 онд хагас ардчилсан сонгууль явуулах тохиролцоог коммунист дэглэмийн удирдагчдаар зөвшөөрүүлж чадсан. Энэ үед зүүн Европын бусад оронд гарч байсан коммунизмын эсрэг тэмцэл, бослогуудын аль нь ч Польшийнх шиг үр дүнд хүрч чадаагүй бөгөөд үүгээр “Эв санааны нэгдэл” хөдөлгөөн ардчилал ялахад түүхэн үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг. “Эв санааны нэгдэл” буюу “Солидарность” хөдөлгөөн 1980 оны наймдугаар сард тэмцэл өрнүүлж, улмаар төрийн удирдагчидтай “Гданьскийн” гэх хэлэлцээр байгуулж чадсанаар ажилчдын ажил хаях, үгээ хэлэх эрхийг зөвшөөрүүлсэн байна. Мөн уг хөдөлгөөн албан ёсны үйлдвэрчний эвлэл болохоо хүлээн зөвшөөрүүлсэн гэдэг. Энэ үйл явдлын дараа коммунист дэглэм ганхахаас эмээсэн ЗХУ Польшийн хил дагуу цэргээ байршуулж, Польшид онц байдал буюу Дайны хууль мөрдөгдөж эхэлсэн. 1981-1983 оны хооронд Дайны хуулийг мөрдөж, олон зуун хүнийг улс төрийн үзэл бодлынх нь төлөө хорьж байсны нэг Лех Валенса юм.

Монголчууд Азид ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн бол польшууд зүүн Европод ардчиллыг эхлүүлж, аль аль нь амжилтаар төгссөнд ноён Лех Валенси сэтгэл хангалуун байгаагаа бидэнд өгсөн ярилцлагадаа онцолсон юм. Ингээд түүний яриаг уншигч танд хүргэж байна.

-Дэлхийн түүхэнд асар том өөрчлөлтийг авчиралцсан “Эв санааны нэгдэл” хөдөлгөөний удирдагчдийн нэг нь Та. Энэ хөдөлгөөний түүх миний мэдсэнээр 1980 оноос эхэлж байна. Гэхдээ үндэс суурь нь үүнээс ч өмнө бүрэлдэж бий болсон гэж Польшийн ард түмэн үздэг юм байна?  

-Тийм ээ. Танай Монгол орны нэг адил Польш улс дэлхийн хоёрдугаар дайны дараа ЗХУ-ын нөлөөнд орсон. Коммунист систем бидний хүслийг харгалзахгүйгээр өөрийн дэглэмээ шууд тулгасан шүү дээ. Энэхүү дэглэмд бид тавь гаруй жил амьдарч ирсэн. Гэхдээ Польшийн ард түмэн коммунист дэглэмийг хэзээ ч хүлээн зөвшөөрч байгаагүй юм шүү. Энэ бүх хугацаанд Польшийн ард түмэн эрх чөлөөнийхөө төлөө тэмцлийг зогсолтгүйгээр явуулсаар байсан, эцэст нь эв санааны нэгдлийн хүчээр коммунист дэглэмийг нурааж чадсан юм.

-Социалист лагерьт хамаарч байсан зүүн Европын олон оронд энэхүү дэглэмийн эсрэг тэмцэл, хөдөлгөөн цөөнгүй гарч байсан ч тэдгээрээс хамгийн түрүүнд ялалтад хүрсэн нь Польшийн “Эв санааны нэгдэл”-ийн тэмцэл юм. Яагаад тэр вэ? Үүнд нөлөөлсөн гол хүчин зүйл нь юу юм бол?

-Бидний тэмцэл амар байгаагүй. Яагаад гэвэл коммунистууд маш энгийн боловч үр дүнтэй арга хэрэглэдэг байсан. Иргэн тус бүрийг хяналтад авч, гурван иргэн тутмын нэгийг нь өөрсдийнхөө мэдээлэгч болгож, аливаа нууц цуглаан бүлгэмийг зэвсгийн хүчээр дардаг байсан л даа. Энэ арга нь үр дүнгээ өгдөг байсан учир залуучуудын хөдөлгөөн, тариаланчдын хөдөлгөөн, оюутнуудын хөдөлгөөн амжилт авчирч байгаагүй. Эцэст нь Польшийн ард түмэн зөвхөн эв санаагаа нэгтгэсний хүчинд л эрх чөлөөгөө олж авах юм байна гэдгийг дор бүрнээ аажим аажмаар ойлгож эхэлсэн. Харин яаж үүнийг нэгтгэх вэ гэсэн асуултад хариу олох хэцүү байсан. Үүнд нэг явдал үнэхээр их тус болсон. Тэр нь юу гэхээр польш хүн Ромын папаар сонгогдсон явдал. Сонгогдсоныхоо дараахан тэрээр эх орондоо айлчлахад Польшийн ард түмэн анх удаа тийм олноороо нэг газар цугларсан. Гэхдээ бид хувьсгал хийх гэж цуглаагүй, хамбынхаа үгийг сонсох гэж цугласан юм. Харин бид үүнийг ашиглаж болох юм байна гэж ойлгоод, “бид олуулаа юм байна” гэдэгт итгээд тэрхүү цуглаанаас эрх чөлөөнийхээ тэмцэлд орсон гэж хэлж болно. Яагаад гэвэл ингэж олноороо цуглах боломжийг оросууд олгодоггүй байсан. Зөвхөн хамбын айлчлал л ийм боломжийг олгосон юм.

-1988 онд тэр үеийн удирдагчид “Эв санааны нэгдэл” хөдөлгөөнийг төлөөлүүлэн Тантай уулзалт хийж, анхны хагас ардчилсан сонгууль явуулах тохиролцоонд хүрч байсан нь “Дугуй ширээний уулзалт” нэрээр түүхэнд үлдсэн байна. Тэр уулзалт тийм үр дүнгээр төгсөнө гэдэгт та тухайн үедээ итгэж байсан уу?

-Дугуй ширээний ярилцлагын үеэр коммунистууд биднийг төрөл бүрээр ухуулан сэнхрүүлэх, айлгах, янз бүрээр амлах зэргээр биднийг үзэл бодлоос маань татгалзуулахыг оролдсон. Бид үүнд бэлэн байсан учир, бидний ард Польшийн ард түмэн байсан учир, бид тэдний итгэл хүлээлт байсан учир бууж өгөөгүй. Одоо эргээд харахад гудамжинд бус, зэвсэглэсэн цэргүүдтэй бус, ширээний ард ярилцсан нь сайн байж дээ гэж боддог юм.

-Польшийн сөрөг хүчнийхэн, тухайлбал, “Эв санааны нэгдэл” хөдөлгөөнийхөн 1990 онд Монголын ардчилсан хүчнийхэнд тусалж байсан гэдэг. Энэ түүхийг мэдэх монголчууд өнөөдөр ч гэсэн дурсан ярьдаг юм. Та монголчуудад тусалж байсан тэр үеийг санаж байна уу?

-Манай оронд болоод танайд ч ялгаагүй ЗХУ-ын нөлөө асар их байсныг тэмдэглэх хэрэгтэй. Зөвхөн “Эв санааны нэгдэл” гарч ирсэнээр коммунист баавгайн шүдийг цөм цохих завшаан бий болсон юм. Шүдгүй болсон баавгайг Монгол болоод бусад орон унагаахад арай дөхөм байсан байх.

Коммунист систем манай хоёр оронд ингэж удсан явдал нь эргэж буцаахад амаргүй их гажуудлуудыг авчирсан. Энэ нь хүмүүсийн сэтгэхүйгээс гадна эдийн засгийн хувьд асар их хохиролтой зүйл байсан. Одоо энэ бүхнийг засч зөв голдрилд нь оруулна гэдэг олон жилийн нөр их хөдөлмөр шаардсан үйл явц болж байна. Үүний тод жишээ нь ардчиллыг хөгжүүлээд нэлээд хэдэн жилийн нүүрийг үзсэн боловч одоо хэр нь хөгжиж чадахгүй байгаа улс орнууд юм.

-Ардчилсан хувьсгалыг удирдах, ардчилсан өөрчлөлтийг жолоодох. Хоорондоо хэр ялгаатай вэ? Та бүхэн тэмцэж байж байгуулсан нийгмийнхээ ололтод хэр сэтгэл хангалуун байдаг бол...  

-Тэмцлийн дараа биднийг угтсан капиталист систем нь төгс биш юм аа гэдэг нь олон зүйлээр нотлогдоод байна. Харамсалтай нь гурав дахь системийг хэн ч бодож олоогүй байна. Нийгмийн дунд, ард түмний дунд капиталист системийг хүлээж авахгүйгээр үл барам үзэн ядсан хүмүүсийн бүхэл бүтэн давхарга байна. Хуучин дэглэмд бид бүгд адил тэгш ядуу байжээ. Харин энэхүү шинэ тогтолцоонд хурдан сэтгэдэг, зальтай, овжин, илүү их мэдээлэлтэй хүн нь асар хурдан баяжиж, үлдсэн хэсэг нь орлого багатай байна. Адилхан ядуу байсан нэгэн нь нүдэн дээр нь баяжаад ирэхээр хүмүүсийн дургүйцэл төдий чинээ төрдөг юм байна.

-Таны хэлж байгаа зүйл посткоммунист орнуудад адилхан тулгамдаж байгаа асуудал байх. Үүнийг яаж давж гарах ёстой юм бол. Та юу гэж бодож байна?

-Коммунист системээс капитализм руу бүрэн дүүрэн шилжиж ороход олон жил шаардлагатай болох нь судалгаа, жишээгээр нотлогдоод байгаа учир ардчиллыг хөгжүүлэх онолыг би бодож олсон юм. Капитализмээс коммунизм бүтээхэд маш амархан. Хэдэн цэрэг, цагдаа цуглуулаад баян хүмүүсийн хөрөнгийг очоод хураачихна. Аквариум дахь загасаар загасны шөл хийхтэй адил гэж хэлж болно. Ус нь байна, загас нь байна, амтлах шаардлагагүй, угаасаа амт орчихсон байх тул дороос нь халаагаад л гүйцээ. Харин бэлэн болчихсон байгаа коммунизм хэмээх загасны шөлийг эргүүлээд капитализм нэртэй загас болгоно гэдэг амаргүй ажил. Би ардчилсан хувьсгалыг эхлүүлж, удирдсан хүний хувьд ардчилал зөв голдрилоороо хөгжих ёстой гэдэгт маш их санаа зовинодог. Тийм болохоор капитализмыг ардчилсан үзэлтэй хольж, хүмүүнлэг, шударга, хангалуун нийгмийг байгуулахын төлөө одоо хүртэл чадах ядахаараа тэмцэж байна. Лекц унших, зөвлөгөө өгөх, уулзалт зохион байгуулах зэргээр ажилласаар байгаа. Бидэнд сонголт байгаагүй. Коммунизмаас капитализмд орох ганц л сонголт байсан. Харин капитализм нь тэр болгон иргэн бүрт ээлтэй биш гэдэг нь батлагдсан. Тийм ч болохоор зарим улсад ард иргэд нь капитализмыг илүү энэрэнгүй, хүмүүнлэг болгохыг шаардаж байна. Өөрөөр хэлбэл, мөнгө бус иргэн нь чухал юм аа гэдгийг ойлгуулахын тулд тэмцэл одоог хүртэл өрнөж байна. Хүнлэг энэрэнгүй нийгэмд хүрэхийн тулд ардчиллын үнэт гурван зүйлийг төлөвшүүлэх хэрэгтэй. Нэгдүгээрт, сонгох, сонгогдох эрх, хоёрдугаарт, энэхүү сонгуульд оролцох эрх, бас оролцохгүй байх эрх. Гуравдугаарт, мэдээж хангалуун амьдралтай иргэд, хадгаламжийн дэвтэртэй иргэн байх. Хадгаламжийн дэвтэр нь зузаан тусмаа сайн.

Ядуу хүмүүс сонгуульд оролцохгүй нь ойлгомжтой. Яагаад гэвэл ажлаасаа халагдлаа гэхэд түүний оронд тэр байрыг нь горьдсон арваад хүн байгаа. Ардчиллыг яаж зөв гольдрилоор нь хөгжүүлэх вэ гэдэгт Валенсагийн онол гээчийг би бодож боловсруулсан.

-Тэр онолоо тайлбарлаж болох уу? 

-Ардчилсан орны иргэний эдлэх ёстой эрх чөлөөг 100 хувь гэж бодьё. Тэгвэл Үндсэн хуулиар олгогдсон аливаа үйл ажиллагаа явуулах эрх нь 30 хувь гэж үзье. Дараагийн 30 хувь нь эдгээр эрхээ эдлэх бололцоо. Харин үлдэх 30 хувь нь эдийн засгийн баталгаа байх ёстой.  Энэ онолыг та бүхэн өөр өөрсдийн орон дээр туршаад үзээрэй. Польшийг аваад үзье. Сонгох, сонгогдох эрх. Хүн болгон Ерөнхийлөгч болох эрхтэй. Би хүртэл цагтаа Ерөнхийлөгч байлаа. Хоёр дахь 30 хувийн хувьд байдал тааруухан. Хүмүүсийн дийлэнх олонх нь сонгуульд зөвхөн санал өгөх байдлаар л оролцдог. Харин улс төрийн идэвх болоод тэмцэлд оролцох нь тааруухан учир 30 биш 15 хувь гэж үнэлж болно. Өөрөөр хэлбэл нийлээд 45 хувь болж байна. Харин нийт иргэдийн хувьд дөнгөж 5 хувь нь ардчилал гээч нийгэмд тансаг, чинээлэг амьдарч байна. Өөрөөр хэлбэл, Польш оронд ардчиллын хөгжил дөнгөж 50 хувьтай байна гэж хэлж болно. Өөрийнхөө орон дээр энэ энгийн аргаар ардчилал хэрхэн хөгжиж байгааг тооцоод үзээрэй.

-Бидэнд цаг гарган хүлээн авч ярилцсанд баярлалаа.


Brak komentarzy:

Польш

Etykiety

1975 1976 1977 3 maja Adiya Ganbaatar Ambasador Mongolii Ambassador archeologia Ardente Sole ASEM baabar Balet Dworski barsbold Boże Narodzenia concert deklaracja documents Dzień Flagi Dzień mongolski Dzień Niepodległości expo-2022 fb festiwal Film dokumentlny forum Frédéric Chopin Fundacja dla Zdrowia historia Katyń konferencja Kraków Krzysztof Zanussi Kultura Latvia Lech Wałęsa Legnica Legnickie Pole Łódź Michał Łabenda Ministry for Foreign Affairs music Narodowe Święto Niepodległości Ossendowski Polish Lessons Pomnik prasa Premier Beata Szydło Prezydent RP Sąd Arbitrażowy słownik Słuchacz studiów podyplomowych smolensk sport spotkanie sylwester Syndicate talk T.Otgonbayar Tajemnica twierdzy szyfrów the Independence day of Mongolia - 12.29 turyst tv UEFA Ulaanbaatar International Film Festival visa wideo Wielkanoc Województwo wielkopolskie Айлчлал ардын ур­ла­г Аялал Аялгуут солир Б.Ерэнтэй Б.Лхагважав Б.Магванжав баабар бага хурал баримт бичиг Бархасын ДОРЖ Бат хаан Бизнес Д.Баттөмөр Ерөнхий сайд Кино МонПол клуб Музей мэдээ Наадам намтар Ном О.Дарамбазар О.Эрдэнэцогт Оюутан Өдөрлөг П.Алтанцэцэг С.Хөдөлмөр Соёл Т.Отгонбаяр Түүх Урлаг Уулзалт үзэсгэлэн Хэвлэл Чухалхүү шагнал Шинжлэх ухаан Эдийн засаг